Жүдочид Ташкентын “Их дуулга”-д оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Олон улсын жүдо бөхийн холбооны цуврал тэмцээн Узбекистаны нийслэл Ташкент хотноо болох “Их дуулга”-аар үргэлжилнэ.
Тус тэмцээн ирэх сарын 1-нд эхлэх бөгөөд одоогийн байдлаар 70 орны 465 жүдоч барилдахаар мэдүүлэг өгчээ. Манай улсаас Ташкентын “Их дуулга”-д эрэгтэй зургаа, эмэгтэй есөн тамирчин оролцохоор болжээ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д олон улсын хэмжээний мастер Э.Ариунболд, Э.Сумъяабазар, 73 кг-д гавьяат тамирчин Ц.Цогтбаатар, олон улсын хэмжээний мастер Б.Эрдэнэбаяр, 81 кг- Г.Болор-Очир, 90 кг-д Г.Алтанбагана, эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг, Б.Баасанхүү, 52 кг-д Л.Сосорбарам, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Б.Ням-Эрдэнэ, С.Лхагвадулам, -78 кг-д Б.Эрдэнэт-Од, О.Хүслэн, +78 кг-д А.Адъяасүрэн нар зодоглоно.
А.Адъяасүрэн,
Ц.Цогтбаатар нар бэртлийн улмаас Португалын гранпри, Парисын “Их дуулга”-д
оролцоогүй юм. Тэгвэл энэ удаа эрэгтэйчүүдийн 66, -100, +100, эмэгтэйчүүдийн 57
кг-ын жинд манай тамирчин барилдахгүй, өнжихөөр болсон байна. Жүдочид Төв
аймгийн Батсүмбэр суманд байрлах “Чэмпионс Чэмп” цогцолборт бэлтгэлээ базааж
байгаа юм.