Монгол-Японы хоорондох Эдийн Засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийг хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-02-21 15:19:19

Улаанбаатар, 2024 оны хоёдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Монгол-Япон улсын хооронд байгуулсан Эдийн Засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA)-ийн хэрэгжилтийн талаар Японы олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллага болон Монгол-Японы Хүний нөөцийн хөгжлийн төвийн төслийн мэргэжилтэн Накамура Ко өнөөдөр Эдийн засгийн сэтгүүлчдийн клубын сэтгүүлчидтэй уулзаж танилцуулав.

Энэ үеэр мөн Монгол-Японы “Жугамо” судалгааны баг “Эдийн Засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэглээ, бизнес эрхлэгч нарт тулгамдаж буй нийтлэг асуудал"-ын талаар хийсэн судалгааны дүнг сэтгүүлчдэд мэдээллээ.


Судалгааны дүнгээр Монгол Улсын экспорт Японы импортод 0.03-хан хувийг эзэлж байна. Хоёр орны хооронд байгуулсан Эдийн Засгийн түншлэлийн хэлэлцээрийг ашиглаж буй Монгол Улсын байдлыг нэг талаар дээрх дүнгээр тооцож болохоор байгаа аж. Харин Япон улсын зүгээс EPA-г ашигласан байдал 2022 оны байдлаар 24.6 хувьтай гарч, үүнийг 26.1 хувь болгон нэмэгдүүлэхээр төлөвлөж буйг мэдээллээ.





Монгол-Японы хоорондын худалдааны бүтцийг судалгаанаас харахад Монгол Улсын экспортод 25.6 хувийг эрдэс бүтээгдэхүүн, 23.7 хувийг ноос, ноолуур, нэхмэл, 16.5 хувийг машин, тоног төхөөрөмж эзэлж байна.

Манай улс Япон руу чулуу, гипс, цемент зэрэг эрдэс бүтээгдэхүүн гаргадаг аж. Харин Японоос тээврийн хэрэгсэл, автомашин голцуу импортоор авдаг. Энэ 71.2 хувийг эзэлж, үлдэх 9.1 хувийг машин, тоног төхөөрөмж, 4.9 хувийг хуванцар эдлэл бүрдүүлж байна.


Хоёр орны хоорондох экспорт, импорт болон Эдийн Засгийн түншлэлийн хэлэлцээрийг ашиглаж буй байдал удаашралтай байна хэмээн дүгнэжээ. Үүнд аль 2016 онд байгуулсан уг хэлэлцээрийн талаарх, ийм хэлэлцээр байгуулсан эсэх талаарх мэдээлэл дутмаг байгааг судалгаа нэг талаар харуулж байв. Тухайлбал, Монголын ААН, бизнес эрхлэгч нар Эдийн Засгийн түншлэлийн хэлэлцээр (ЭЗТХ)-ийн талаар зөвхөн МҮХАҮТ-д зохион байгуулдаг сургалт, семинараас, мөн гааль, тээвэр зуучын байгууллагаас, цөөн хувь нь Засгийн газрын вебсайт болон холбогдох яам, агентлагийн сургалтаас авчээ.


Дээрх нөхцөлд Монголын компани, ААН-үүд ЭЗТХ-д хамрагдах эхний шаардлага гарал үүслийн дүрэм, журам, хэлэлцээрийг ашиглахад шаардлагатай гүнзгий мэдээллээр дутмаг, хангалттай бус, хүртээмжгүй байдаг аж. Хэлэлцээрийг ашиглах явцад Монголын ААН-үүд буюу экспортлогчдын хувьд:

  • Түүхий эд болон бүтээгдэхүүний тогтворгүй нийлүүлэлт,
  • Чанарын хяналт тогтоох,
  • албан бус салбарын өрсөлдөөн,
  • инфляцаас үүдэлтэй зардлын өсөлт, валютын ханшны хэлбэлзэл,
  • Тодорхой бус, тогтворгүй дүрэм журам зэрэг асуудал тулгарч байна.

Харин импортлогч Японы компаниудын хувьд:

  • Монголын зах зээлийн дүрэм журам, хязгаарлалтын тодорхой бус байдал,
  • Дотоодын зах зээл дэх шударга бус өрсөлдөөн,
  • Хүний нөөц,
  • Харилцагч компанид учруулж буй “түвэг” ач холбогдолтой эсэх зэрэг зүйл тулгарч байна.


Монгол-Японы “Жугамо” судалгааны багийн төлөөлөгч З.Сугар:

-Манай улсын үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч нар тухайн улсын (Японы) зах зээл, бизнесийн үндэсний гинжин хэлхээний заавал топ дээр нь буюу ашигтай байдал дээр очиж байрлахаасаа илүү эхний ээлжинд зөвхөн түүхий эд нийлүүлэх юм уу, хүний нөөцийн оролцоогоо хангах байдлаар бизнесээ эхлээд, дараа нь гинжин хэлхээнд хамрагдах нь илүү үр дүнтэй байх болов уу гэсэн саналаа хэлсэн юм.


Эдийн Засгийн түншлэлийн хэлэлцээрийн дагуу Монголын бизнес эрхлэгчдийн хувьд аль салбарт өсөлт гарч буй талаар Монгол Япон Хүний нөөцийн хөгжлийн төвийн Бизнес хамтын ажиллагааг хөгжүүлэх төслийн мэргэжилтэн Накамура Ко-гоос тодруулахад тэрбээр, Монгол Улс Японд ноос, ноолууран болон хүнсний бүтээгдэхүүн гаргах дээр хэлэлцээрийг арай илүү ашиглаж байгааг хэллээ. Тухайлбал, Монгол Улсаас чацарганыг түүхий эдээр нь экспортолж, Японд эцсийн бүтээгдэхүүн болгон худалдаанд гаргаж байгаа компанийн сайн жишээ байна гэв. 




Холбоотой мэдээ