БАЯН-ӨЛГИЙ: Тарихад тохиромжтой мод, сөөгийн жагсаалтыг хүргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-02-14 10:42:50

Өлгий, 2024 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгээс Монгол орны аймаг, сумын газарзүй, геоморфологийн онцлогт тохируулан тарих мод, сөөгийн жагсаалтыг гаргаж, аймгийн Засаг дарга нарт хүргүүлжээ.


"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд 21 аймгийн байгаль болон ногоон байгууламжид тарих мод сөөгийн жагсаалтад 330 сумын байгалийн бүс, бүслүүрийн зургийг гаргаж, тэнд ургах боломжтой 28 зүйл мод, 109 зүйл сөөг, хот сууринд ургах 21 зүйл мод, 73 зүйл сөөг тарихыг зөвлөмж болгосон байна.


Судалгааны ажилд Баян-Өлгий аймгийг өндөр уулын бүслүүр, хуурай хээрийн бүс, цөлөрхөг хээрийн бүсэд хувааж, сум тус бүрийн байгалийн онцлогт тохирсон мод, сөөгийн нэрсийг, мөн тэдгээрийг ямар газарт таривал тохиромжтой болохыг заажээ.


Тухайлбал, Өлгий хот, Алтанцөгц, Бугат, Булган, Дэлүүн, Сагсай, Цэнгэл сумын төвийн ногоон байгууламжид гинналийн агч, яшил навчит агш, сөөгөн хус, хавтага навчит хус, яшилдуу чацаргана, сибирь шинэс (хар мод), Азийн монос (мойл), Маакийн мойл, ойн нарс зэрэг 80 төрлийн, Алтай, Баяннуур, Буянт, Ногооннуур, Толбо, Улаанхус сумын төвд 68 төрлийн мод, сөөг тарихыг санал болгосон байна.


"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд 21 аймгийн байгаль болон ногоон байгууламжид тарих мод сөөгийн жагсаалттай энд дарж танилцах боломжтой.

Холбоотой мэдээ