Монгол Улс өрсөлдөх чадвараар 138 орноос 102-т жагсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-09-28 14:04:42

“Дэлхийн эдийн засгийн форум” ашгийн бус сангаас жил бүр гаргадаг судалгаагаар Монгол Улсын өрсөлдөх чадварт ахиц гараагүйг тодотгожээ.

Дэлхийн өрсөлдөх чадварын судалгааны 2016-2017 оны тайланг  өнөөдөр Нээлттэй нийгэм форумын Эдийн засгийн бодлогын хөтөлбөрийн менежер Д.Оюунбадам танилцуулав.

Манай улс өрсөлдөх чадвараар 3.8 оноо авч, 138 орноос 102 дугаарт жагссан байна. Өнгөрсөн жилийн судалгаагаар Монгол Улс  өрсөлдөх чадвараараа 104-т эрэмбэлэгдсэн юм.
 Нээлттэй нийгэм форумын  Эдийн засгийн бодлогын хөтөлбөрийн менежер Д.Оюунбадам ярихдаа, “Монгол Улс сүүлийн гурван жил өрсөлдөх чадвараараа 3.8 оноо авчээ. Эл судалгаанд манай улс хамрагдаад 12 жил болж буй. Энэ хугацаанд 3.2-3.9 хүртэл оноо авсан байдаг. Судалгааны хамгийн өндөр оноо нь 7 байдаг.  “Өрсөлдөх чадварыг тодорхойлогч 12 тулгуур үзүүлэлтээс Монгол Улс 4 үзүүлэлтээр бага зэрэг ахисан байна. Тухайлбал өмнөх онтой харьцуулбал Макро эдийн засгийн тогтвортой байдлын түвшин 0.4- оноогоор, Санхүүгийн зах зээлийн хөгжил, Технологийн бэлэн байдал, Дээд боловсрол ба мэргэжлийн сургалт тус бүр 1 оноогоор өслөө. Ийнхүү макро эдийн засгийн орчны түвшин өсөхөд инфляцийн бууралт голлох нөлөө үзүүлсэн байна” гэв.
 “Дэлхийн өрсөлдөх чадварын итгэлцүүр-2016” тайланд Монгол Улс 138 орноос 102 дүгээр байрт жагсчээ. Тус сан дэд бүтэц, эрүүл мэнд ба боловсрол, зах зээлийн хэмжээ, макро эдийн засгийн орчин зэрэг шалгуур үзүүлэлтүүдэд тулгуурлан өрсөлдөх чадвараар нь эрэмбэлдэг аж.

Энэ удаагийн судалгаагаар Швейцарь улс өрсөлдөх чадвараараа дэлхийд тэргүүлсэн бол Сингапур хоёр, АНУ гуравт жагсчээ. Швейцарь улс өрсөлдөх чадвараараа дэлхийд 8 жил дараалан тэргүүлж байгаа бөгөөд БНХАУ 28 дугаарт, ОХУ 45 дугаарт тус тус жагссан байна. Хамгийн сүүлийн байрт Мавритани, Чад болон Гивиней оржээ. 
Өрсөлдөх чадварын индексийг тооцохдоо статистик мэдээ болон тухайн улсын бизнесийн байгууллагуудын удирдах ажилтнуудын санал асуулгын дүнг ашигладаг байна.  Манай улсын хувьд өрсөлдөх чадварын буурсан 4 үзүүлэлт нь бизнесийн боловсронгуй байдал, бараа бүтээгдэхүүний зах зээлийн үр ашигтай байдал, хөдөлмөрийн зах зээлийн үр ашигтай байдал тус тус 0.2 оноогоор,институциудын чанар 0.1 оноогоор буурчээ. Харин  цалин хөлс  тогтоох уян хатан байдал, хөрөнгө оруулагчийн хамгаалалт,  татварын нийт хувь хэмжээ, эрдэмтэн, инженерүүдийн хангамж зэрэг 10 үзүүлэлт дээгүүр үнэлгээтэй гарсан байна. Тодруулбал Монгол Улс дэлхийн 138 орноос 12 тулгуур үзүүлэлтийг бүрдүүлдэг 115 дэд үзүүлэлтээс дээрх 10 үзүүлэлтээр эхний 50 байрт жагсчээ.

Б.Заяа
Гэрэл зургийг Б.Чадраабал

 

Холбоотой мэдээ