Монгол, Хятадын парламент хоорондын байнгын уулзалтын механизмын V уулзалт Бээжин хотноо болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурал, Бүх Хятадын АрдынТөлөөлөгчдийн Их Хурал хоорондын Байнгын уулзалтын механизмын тавдугаар уулзалт энэ сарын 24-нд Бээжин хотноо болов.
Хоёр улсын парламент хоорондын Байнгын уулзалтын механизмын тавдугаар уулзалтаар хоёр улсын парламент, Байнгын хороод хоорондын хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, ногоон хөгжил, цөлжилттэй тэмцэх, эрчим хүч, хил боомт гэсэн дөрвөн чиглэлээр санал солилцож, цаашид хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд дөхөм үзүүлэхээр тохиролцов.
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжид бараалхаж, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын мэндчилгээг уламжиллаа. Хоёр талын төлөөлөгчид Монгол Улс болон БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жилийн ой, Монгол, Хятадын харилцаа Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрсний 10 жилийн ой, Монгол Улсын Их Хурал, БНХАУ-ын Бүх Хятадын АрдынТөлөөлөгчдийн Их Хурал хооронд Байнгын уулзалтын механизм байгуулагдсаны 10 жилийн ой тус тус тохиож байгаагийн босгон дээр энэхүү уулзалт болж буйг онцлон тэмдэглэв.
Энэ удаагийн уулзалт нь Монгол Улсын Их Хурал, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хооронд 2014 онд байгуулсан байнгын уулзалтын механизм байгуулах тухай харилцан ойлголцлын Санамж бичгийн дагуу тав дахь удаагаа зохион байгуулагдаж, Монгол, Хятадын стратегийн иж бүрэн түншлэлийг гүнзгийрүүлэх, эл хүрээнд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.
Тус уулзалтыг Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга Пөн Чинхуа нар удирдан явуулав. Уулзалтад Монголын талаас УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин болон Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, С.Ганбаатар, Ж.Чинбүрэн, Б.Бейсен, Д.Батлут нар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал, БНХАУ-ын талаас Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын болон Байнгын хороодын гишүүд оролцлоо.