Их Британид пуужинг орлох лазерын зэвсгийг амжилттай туршжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2024-01-20 14:50:47

ЛОНДОН, 2024 оны нэгдүгээр сарын 20 /BBC/. Их Британид явуулсан шинэ зэвсгийн анхны туршилт амжилттай болсон тухай тус улсын Батлан хамгаалах яам баасан гарагт мэдээлжээ. Лазерын уг зэвсэг нь агаарт буй байд оновчтой туссан байна. 


Энэхүү лазерын систем нь агаарын довтолгооноос хамгаалах цогцолборын пуужинг орлох хямд өртөгтэй хувилбар байх боломжтой гэж шинжээчид үзэж байна. Тухайлбал, нисгэгчгүй онгоцыг сөнөөхөд ашиглаж болох ажээ.


Их Британийн Батлан хамгаалах яамны төлөөлөгчийн хэлснээр, “DragonFire” гэж нэрлэсэн уг зэвсэг нь маш нарийвчлалтай тул нэг километрийн зайд 1 фунт стерлингийн зоосыг онож чадна.


“DragonFire” системийг Батлан хамгаалахын шинжлэх ухаан, технологийн лаборатори (Dstl) Батлан хамгаалах яамны захиалгаар цэргийн аж үйлдвэрийн түншүүдтэйгээ хамтран бүтээж байгаа юм.


Зэвсгийн туршилтыг Шотландын Хебридийн аралд орших сургуулилалтын талбайд явуулсан байна. The Times сонинд бичсэнээр, туршилтын явцад "DragonFire" ойртож буй дронуудыг хэдэн километрийн зайнаас устгажээ.


Туршилт амжилттай болсон нь шинэ технологийг зэвсэглэлд шилжүүлэхэд чухал алхам боллоо гэж БХЯ мэдэгдсэн байна. Шинэ зэвсгийг Их Британийн арми болон Хааны Тэнгисийн цэргийн хүчний аль аль нь агаарын довтолгооноос хамгаалах системдээ ашиглах боломжийг судалж байна гэж тус яам мэдээлжээ.


Цэрэг зэвсгээр тэргүүлэгч гүрнүүд өнгөрсөн зууны дунд үеэс лазерын зэвсэг зохион бүтээж эхэлсэн билээ. АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний эскадрын мина зөөгч зарим хөлөг онгоцонд лазерын систем суурилуулаад байгаа юм. Гэхдээ Улаан тэнгист хөлөг онгоцнууд руу халдаж байгаа хутичуудын нисгэгчгүй онгоцнууд руу лазераар буудаагүй, харин пуужин харвасан байна.


Батлан хамгаалах яамны мэдээлснээр, “DragonFire” систем нь ердийн гэр ахуйн халаагуурын нэг цагт зарцуулдаг хэмжээний энергийг 10 секундийн дотор зарцуулдаг. Өөрөөр хэлбэл, уг системийг ажиллуулах өртөг нь нэг удаа буудахад 10 хүрэхгүй фунт гэсэн үг юм.  "DragonFire" систем хэр хол тусгалтай вэ гэдгийг нууцалжээ.

Холбоотой мэдээ