ДАРХАН-УУЛ: Цэцэрлэгийн барилгын эрсдэлтэй хэсгийг хүчитгэн засварлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-01-09 12:23:12

Дархан, 2024 оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Дархан сумын 28 дугаар цэцэрлэгийн барилгын баруун жигүүр суулт өгч нуралт үүсэх эрсдэл үүссэн аж. Иймд аймгийн онцгой комиссоос тус цэцэрлэгийн хоёр ангийн ханыг яаралтай хүчитгэх шийдвэрийг гаргажээ.

Дээрх шийдвэрийн дагуу төсвийн хөрөнгө оруулалтаар барилгын эрсдэл өндөр хэсэгт хүчитгэх ажлыг Оргил таур ХХК нэг сарын хугацаанд  гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өглөө.




Тус цэцэрлэгийн барилга нь 1985 онд баригдсан бөгөөд 40 орчим жилийн өмнөх барилгын зураг төсөв, стандартаар баригдсан, технологийн шийдэл нь өнөөгийн нөхцөл байдалд тохирохгүй байна гэж мэргэжлийнхэн хэлж байна.


Барилгын эрсдэлтэй хэсэгт хүчитгэл хийж хоёр бүлэгт хүүхдүүдээ дахин авч эхэлсэн ч цаашид эрсдэлтэй байх тул тухайн барилгыг нурааж суурин дээр нь орчин үеийн стандартад нийцсэн шинэ цэцэрлэг барих зайлшгүй шаардлагатайг барилгын ажлын гүйцэтгэлд хяналт тавьсан эрх бүхий байгууллагын мэргэжилтнүүд онцолсон аж.




Уг барилгад өмнө нь Нийгмийн даатгалын хэлтэс үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд барилгын стандарт, аюулгүй байдал алдагдсан тул хүчитгэж байсан удаатай ажээ.




Тиймээс аймгийн Засаг дарга Б.Азжаргал оны өмнө болон өнөөдөр тус цэцэрлэгт ажиллаж нөхцөл байдалтай биечлэн танилцаж харьцуулалт хийж, мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг сонссоны үндсэн дээр 2026 онд улсын төсөвт шинэ цэцэрлэг барих төсвийг суулгах саналаа холбогдох яам, агентлагт хүргүүлэхээр болжээ.




Дархан сумын 28 дугаар цэцэрлэг нь 2019 онд байгуулагдсан бөгөөд  өнөөдрийн байдлаар зургаан бүлэгт 190 гаруй хүүхэд хамрагдаж байна.

 

Холбоотой мэдээ