Улаанбаатар хотод 251 булаг, шанд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
b.munkhzul@montsame.gov.mn
2023-12-26 11:38:50

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Туул голын сав газрын захиргаанаас нийслэлийн нутаг дэвсгэрт хийсэн булаг, шандын тооллогын дүн мэдээг танилцууллаа.


Энэ онд Улаанбаатар хотод нийт 251 булаг, шанд тоолсны хамгийн олон буюу 81 нь Баянзүрх, 48 нь Сонгинохайрхан, 35 нь Налайх дүүрэгт бүртгэлтэй байна. Түүнчлэн нийт булаг, шандын 143 нь байнгын, 108 нь түр урсацтай бол найм нь бүрмөсөн ширгэсэн аж.


Мэргэжилтнүүд нийт булаг, шандын 159-ийнх нь эхийг хашиж, хамгаалах шаардлагатай гэж үзжээ. Ийм байдлаар хамгаалсан уст цэг 35 байгааг тогтоосон байна. Эхийг нь хашиж, хамгаалах шаардлагатай булаг, шандын 84 хувь нь буюу 135 нь Туул голын сав газарт байгаа юм. 2023 онд тус сав газарт 23 булаг, шанд бүртгэгдсэн байна.


Харин Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт устай 14, усгүй гурав, нийт 17 рашаан бүртгэгджээ. Хүний бие махбодь, аль нэг эрхтэнд зохистой нөлөөлж чадахуйц элементүүдийг агуулсан онцгой чанар, найрлагатай байгалийн усыг рашаан гэж нэрлэдэг. Монголчууд химийн үзүүлэлтээр рашаан төст булгийг рашаан хэмээн хайрлан шүтэж, эмчилгээний зориулалтаар хэрэглэж ирсэн.

Холбоотой мэдээ