“Олон нийтийн татварын боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-12-15 14:39:48

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Татварын байгууллагаас татварын цахим шинэчлэлийг танилцуулах уулзалтыг том татвар төлөгч, ЖДҮ эрхлэгч зэрэг татвар төлөгч сегмент нэг бүрээр цувралаар зохион байгуулж байна.


Энэ хүрээнд “Татварын боловсрол-татварын шинэчлэл” уулзалт, сургалтыг МУИС-ийн Бизнесийн сургуулийн оюутан багш нар болон Оюутны хөгжлийн төвийн залуучуудтай хийв. Энэ уулзалт, сургалт нь “Олон нийтийн татварын боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд болж буйг Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал онцолсон юм.

Тэрбээр хэлэхдээ, “Монголын татварын албанаас сүүлийн 3 жилд хийсэн судалгаагаар иргэдийн 70 гаруй хувь татварын боловсрол муу байна хэмээн дүгнэсэн. Мөн 60 хувь нь татварын талаарх ойлголт, мэдээллийг иргэдэд өгөх нь чухал байна гэж хариулсан. Судалгаанд оролцсон иргэд татварын боловсролыг хүүхэд, залуучуудад ЕБС болон их, дээд сургуулиудад суралцаж байх үеэс нь олгох ёстой хэмээн үзсэн” хэмээн тодотгосон юм.


Татварын хууль, тогтоомжийн мөрдөлт, хэрэгжилт бага хувьтай байгааг тэрбээр татварын талаарх иргэдийн боловсрол, мэдлэг тааруу байгаатай холбон тайлбарлаж байлаа. Мөн татварын хууль, тогтоомжийн дагаж мөрдөхтэй холбоотой асуудал, үйл ажиллагаа өөрөө хялбар бус, хүндрэлтэй байгааг хэлэв. Тиймээс татварын байгууллага дээрх хоёр асуудлыг анхаарч, ач холбогдол өгч байна. Татвар төлөгч нар руу чиглэсэн, тэр дундаа хүүхэд, залуучуудад хандсан “Татварын олон нийтийн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг БШУЯ-тай хамтран хэрэгжүүлж эхэлж байна гэв.


ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт татварын талаарх хичээл оруулна.



Ирээдүйн татвар төлөгч хүүхэд, залуучуудад татварын талаарх мэдлэг олгох сургалтыг МУИС-ийн оюутнуудаас эхэлж, татварын албаны цахим шинэчлэл болон Хувь хүний орлогын албан татварын талаар танилцуулсан юм.


МУИС-ийн Бизнесийн сургуулийн захирал Н.Батнасан:

-Татварын талаар манай сургуульд тодорхой хичээлүүд ордог. Тийм учир манай оюутнууд татварын албаны боловсон хүчний хэмжээнд бэлтгэгдэж байгаа гэв. Тэрбээр татварын орлогыг бүрдүүлэх, хянах үйл ажиллагаа сүүлийн үед орчин үеийн хиймэл оюун ухааны болон бусад технологи дээр суурилан нилээн өөрчлөгдөж буйг хэллээ.


МУИС-ийн Бизнесийн сургуулийн нягтлан бодох, бүртгэлийн тэнхимийн ахлах багш Н.Саруултөгс татварын шинэчлэл, ачааллын талаар хэлэхдээ, манай улсад татварын эрх зүй дээр 7 удаагийн өөрчлөлтийг хийснийг хэлж, татварын хувь хэмжээний ачааллыг бусад улс орнуудтай харьцуулахад дундаж түвшинд байгаа, ААН дээр очиж буй татвар төрөл зүйлээс шалтгаалж харьцангуй ачаалалтай байгаа гэв.

Тодруулга: Монгол Улсын төсвийн орлогын 55 хувийг татвар дангаар бүрдүүлдэг. Албан татвар төлөх нь иргэний үүрэг гэж хуульчилсан. Тиймээс иргэдийн татварын талаарх боловсролыг дээшлүүлэх үүднээс үүнд хүүхэд, залуучуудыг хамруулах зорилгоор, иргэдийн судалгааны дүнд үндэслэн 2024 оноос эхлэн бүрэн дунд боловсролын бага ангийн сургалтын хөтөлбөрт татварын тухай ойлголтыг энгийн, ойлгомжтой байдлаар оруулахаар ажиллаж байгааг татварын байгууллагаас мэдэгдлээ. 


Холбоотой мэдээ