ЗАВХАН: Хэрэглээний үнийн индекс өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-12-13 17:38:47

Улиастай, 2023 оны арванхоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Тус аймгийн хэрэглээний үнийн индекс өмнөх оны мөн үеэс 6.7 хувиар өссөн байна гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв.

12 дугаар сарын 10-ний өдрийн байдлаар аймгийн төвд Улаанбаатар гурил 2380 төгрөг, шингэн сүү 4280 төгрөг, цагаан будаа 3900 төгрөг байна. Харин элсэн чихэр 4500 төгрөг, хонины мах 10000 төгрөг, үхрийн мах 12194 төгрөг, ямааны мах 7196 төгрөг, Аи-80 бензин литр нь 2870 төгрөг, Аи-92 бензин литр нь 2890 төгрөг, дизелийн түлш литр нь 3899 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.


Баруун бүсийн аймгуудад 1л А-80 бензин 2680-2870 төгрөг, А-92 бензин 2799- 2890 төгрөг, дизелийн түлш 3682-3899 төгрөг байна. Шатахуунтай холбоотойгоор Улаанбаатар болон бусад аймгаас татан авдаг хүнсний бүтээгдэхүүний үнэ харилцан адилгүй өсөлттэй байна.

Аймагтаа үйлдвэрлэдэг хүнсний зарим нэр төрөл талх, гурилан бүтээгдэхүүн, хүнсний ногооны үнэ тогтвортой байна. 

Сүү, сүүн бүтээгдэхүүний борлуулалт эхний 10 сарын борлуулалттай харьцуулахад 174.9 сая төгрөгөөр өссөн байна. Харин хүнсний бусад үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн 973 сая орчим төгрөгөөр өсжээ.

Манай улсын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнд 16 нэр төрлийн бүтээгдэхүүн багтдаг байна.


Эрүүл мэндийн сайдын баталсан гол нэрийн 16 хүнсний бүтээгдэхүүнд дараах хүнсний бүтээгдэхүүн багтдаг ажээ. Тухайлбал малын мах, сүү, төмс, гурил, гурилан бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүн, хүнсний ногоо, өндөг, цөцгийн тос, ургамлын тос, шувууны мах, жимс, жимсгэнэ, загас, төрөл бүрийн будаа, буурцагт ургамал, сахар, чихрийн зүйл багтдаг. Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний 51.1 хувийг импортоор авдаг аж.


Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 18.9 хувиар буурлааАж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 11 сарын гүйцэтгэлээр 139.2 тэрбум төгрөг болсон байна. Нийт үйлдвэрлэлийн 73.8 хувийг уул уурхайн олборлолт, 21.5 хувийг боловсруулах үйлдвэрлэл, 3.8 хувийг цахилгаан, дулааны үйлдвэрлэл, 0.9 хувийг бусад үйлдвэрлэл эзэлж байна. Аймгийн хэмжээнд талх нарийн боов, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс өссөн байна.


Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл гэдэг нь аж ахуйн нэгж, байгууллагын тайлант хугацаанд зах зээлд болон өөрийн эцсийн хэрэглээнд зориулж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс бүрддэг.


Харин аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн гэдэг нь аж ахуйн нэгж, байгууллагын тайлант хугацаанд худалдсан буюу гадагш гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний хэмжээ юм гэв.

Холбоотой мэдээ