Авто засварын газруудаас сард 43 мянган тонн техникийн тос гардаг

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-12-06 14:31:06

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Манай улсын хэмжээнд 1.1 сая, Улаанбаатар хотод 650 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг гэх судалгаа бий. Тэгвэл тэдгээрийн техникийн ашигласан тос, хаягдал аккумляторыг тээвэрлэх, цуглуулах, хадгалах, ашиглах, дахин боловсруулах үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.


Тээврийн хэрэгслийн жилд хэрэглэж байгаа тос тосолгооны материалыг жилд дунджаар өвөл, зун гэсэн ээлжээр хоёр удаа солиход улсын хэмжээнд 9.6 сая литр, нийслэлд 5.2 сая литр тос тосолгооны материал, хоёр жилд нэг удаа 1.1 сая ширхэг аккумлятор хэрэглэдэг байна. Монголд авто засварын үйл ажиллагаа явуулж буй 215 аж ахуйн нэгж, иргэн бий. Үүнээс 137 буюу 64 хувь өөрийн байранд, 77 буюу 36 хувь түрээсээр, хоёрдогч түүхий эд авах цэг буюу 25 иргэн төмөр чингэлэгт үйл ажиллагаа явуулж байгаа юм.


Авто засварын үйл ажиллагаанаас сард 43 мянган тонн орчим техникийн тос гардгаас 40 орчим хувь нь аюултай хог хаягдал цуглуулах, хадгалах, дахин боловсруулах тусгай зөвшөөрөл бүхий Хай Би Ойл, Монпити ойл” компанитай гэрээ байгуулан хүргүүлдэг байна.  


Үүнээс гадна 128 буюу 60  хувь нь тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжтэй гэрээгүй, барилгын материалын /блок/ үйлдвэр, замын компани, түлш хийдэг газар /нэр нь мэдэхгүй/, хувь хүмүүст өгдөг, өөрийн ажлын байранд хадгалдаг байна. 2022 онд нийт 85 обьект 466 мянган кг хаягдал тосыг зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагад гэрээ байгуулан шилжүүлсэн байна.  

Холбоотой мэдээ