ХЭҮК-ын гишүүн Д.Сүнжидийг тус комиссын даргаар томилохыг дэмжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр УИХ-ын даргаас өгсөн чиглэлийн дагуу хуралдаж, ХЭҮК-ын даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тус комиссын даргад нэр дэвшүүлэх саналаа УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т “Комиссын даргыг гишүүдийн дотроос Улсын Их Хурлын даргын санал болгосноор зургаан жилийн хугацаагаар Улсын Их Хурал нэг удаа томилно” гэж, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.15-д “хуульд заасан үндэслэлээр Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, дэд даргыг томилох, чөлөөлөх санал гаргаж Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх” гэж заасан байдаг.
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Дугарын Сүнжид нь 1977 онд төрсөн. 1993 онд Хэнтий аймгийн Өндөрхаан сумын 1 дүгээр сургуулийг төгссөн. 1994-1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйчээр төгсөж, 1999-2000 онд мөн сургуульдаа Хууль зүйн ухааны магистр, 2000-2002 онд ХБНГУ-ын Людвиг-Максимилианы их сургуульд Олон улсын харьцуулсан эрх зүйн магистр, 2006-2009 онд ХБНГУ-ын Людвиг-Максимилианы Их сургуульд Хууль зүйн ухааны доктор /Dr.jur/-ын зэргийг тус тус хамгаалсан.
2002-2003 онд ШУА-ийн Философи, социологи, хүний эрхийн хүрээлэнгийн Хууль зүйн судалгааны төвийн судлаачаар, 2003-2012 онд Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн гишүүн, өмгөөлөгчөөр, 2005-2012 онд “Хөгжлийн төлөө төв” ТББ-ын гүйцэтгэх захирлаар, 2009-2014 онд Хууль зүйн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар, 2014-2015 онд Хууль зүйн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар, 2015-2017 онд ЕТГ, ШХА-ын хамтарсан “Иргэдийн оролцоо” төслийн зохицуулагчаар, 1998 оноос одоог хүртэл Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн багш, ахлах багш, дэд профессор, 2017 оноос ХЗДХЯ, ШХА-ын хамтарсан “Иргэдийн оролцоо II” төслийн зохицуулагчаар тус тус ажиллаж байгаад 2020 оноос Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээр сонгогдсон.
УИХ-ын даргын танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явуулав. Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаар Д.Сүнжидийг томилохыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 54.5 хувь нь дэмжсэн. Иймд энэ талаарх санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.