АРХАНГАЙ: Ц.Баянжаргал: Цаашид болрын орцтой галт уулын чулуугаар хийж болох бүхнийг хийнэ

ФОТО МЭДЭЭ
gereltod@montsame.mn
2023-10-27 14:34:50

Эрдэнэбулган, 2023 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Тариат сумын уугуул, чулуу урлаач Ц.Баянжаргал галт уулын чулуугаар аялал жуулчлалын бүтээл хийдэг байна. Түүнтэй хэсэгхэн хором ярилцсанаа сийрүүлье.


-Нутгийн буюу Хоргын чулуугаар аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх санаагаа анх яаж олсон бэ?

-Би өөрөө хөгжмийн мэргэжилтэй, хөгжимчин хүн. Тариат сумын уугуул. Манай нутгийг гадны болон дотоодын олон хүн зорьж ирдэг. Байгалийн сайхныг үзэж харахаас гадна энэ нутгийг дурсах, нутгийн онцлогийг харуулсан гарын бэлэг, жижиг дурсгалын зүйл хэрэгтэй юм байна гэдгийг олж харсан. Сүүлийн үед аялал жуулчлал ч нэлээд хөгжиж, нутаг орны зүгээс ч дурсгалын зүйл хийхийг зөвлөж дэмжсэн. Тийм учраас энэ ажлыг хийж байна.


-Та нутгийнхаа ямар чулууг ашиглаж, юу юу хийж байна вэ?

-Би Хоргын тогоо галт уулын чулуугуур дурсгалын зүйлс хийж байна. Галт уулын чулуу дотроо 7-8 төрөл байдаг юм билээ. Геологийн төв лабораторийн эрдсийн шинжилгээ хийлгэхэд 35 хувийн болрын орцтой гэж гарсан. Гоёлын зүйл хийх боломжтой. Мөн энэ галт уулын чулуу өөрөө газрын гүнээс гарсан учраас хүний биед эерэг сайн нөлөөтэй энерги агуулсан байдаг юм байна.


Сүүлийн үед аялал жуулчлал нэмэгдэж байгаа учраас галт уулын энергитэй чулуугаар хоолны таваг хийх оролдлого хийж байна.


Энерги ялгаруулдаг гэдэг утгаараа гадаадад ч үнэ цэнтэй байдаг юм билээ. Түүнээс гадна бугуйвч, эрих, хөөрөг хийж байна. Цаашид болрын орцтой галт уулын чулуугаар хийж болох бүх л зүйлийг хийх бодолтой байна.


-Та гарын дүйтэй хүн юм. Чулуугаар хийж байгаа бүхнийг хийхэд нэмэлтээр юу сурч мэдсэн бэ?

-Ах нь гурван үеийн өв тээгч гэсэн бүртгэлтэй явдаг. Манай өвөө уран дархан, сийлбэрч, бурхан зурдаг хүн байсан. Миний аав бол насаараа эмч хийсэн хүн. Би бодохдоо өвөг дээдсийн минь дархан ухаан, сонирхол нь надад үлдсэн юм болов уу гэж боддог. Ээж минь ч будаг буддаг хүн байсан. Багаасаа л янз бүрийн юм оролддог хүүхэд байлаа. Одоо ч гэсэн энэ зан маань хэвээрээ. Хийж байгаа бүх зүйл маань миний өөрийн сонирхол, дээрээс нь нарийн ширийн аргачлалуудыг нэг хүнээс 10-14 хоног, заримдаа нэг сараар хамт сууж, хамтран бүтээж сурч, заавар зөвлөгөө авдаг.


-Таны хамгийн их ашиглагддаг багаж юу вэ?

-Одоо үед багаж хэрэгслүүд төрөл бүрээрээ л байдаг болсон. Бүтээл хийх дуртай хүн чинь бас багажны хоббитой. Чулууны болон модны олон багаж байна. Бүтээл хийхэд өөрийн бүтээлч оролдлого байхаас гадна маш сайн багаж байх хэрэгтэй. Ах нь бүхий л багажаа ашигладаг.


-Болрын орцтой, энерги бүхий галт уулын чулуугаар хийсэн олон сайхан бүтээлүүдтэй юм байна. Оюуны өмчийн талаар ямар бодолтой явдаг вэ?

-Манай нутагт энэ төрлийн чулуугаар бүтээл, дурсгалын зүйл хийсэн хүн одоогоор байхгүй байгаа. Манай сумын Засаг дарга хэлж байсан. Би одоохондоо оюуны өмчийн тухай бодоогүй явна. Цаашид хэрэгтэй л байх.


-Та уран дархны ажлыг хэр удаан хийж байгаа вэ?

-Бараг хориод жил болж байна. Эхлээд модон сийлбэр хийсэн. Сүүлийн арваад жилээс алт мөнгөний дархан, чулуугаар дурсгалын бүтээл хийх ажил руу шамдсан.


-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.