“Шэньжөү-17” хөлгийг Хятадын сансрын станц руу хөөргөлөө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2023-10-26 14:21:20

ЖЮЧУАНЬ, 2023 оны аравдугаар сарын 26 /Xinhua/. “Шэньжөү-17” жолоодлогот сансрын хөлгийг Хятад улс өнөө өглөө хөөргөлөө. Уг хөлгөөр сансрын станцад ойролцоогоор зургаан сарын турш даалгавар гүйцэтгэх гурван сансрын нисгэгчийг илгээж байгаа юм.


“Шэньжөү-17” хөлгийг тээсэн “Long March-2 зөөгч пуужин Хятадын баруун хойд нутгийн Жючуань хиймэл дагуул хөөргөх төвөөс Бээжингийн цагаар өглөөний 11:14 цагт хөөрсөн гэж тус улсын Сансрын жолоодлогот нислэгийн хөтөлбөрийн газар /CMSA/ мэдээлжээ.


Пуужинг хөөргөснөөс хойш 10 орчим минутын дараа хөлөг пуужингаас салж, тойрог замд орсон байна. Тан Хунбо, Тан Шэнжие, Жян Шиньлинь нараас бүрдсэн багийн гишүүдийн биеийн байдал сайн байгаа бөгөөд хөөргөх ажиллагаа амжилттай боллоо гэж CMSA-ын мэдэгдэлд дурдсан байна. 


Шэньжөү-17 хөлгийн багийнхан нь Хятадын Тяньгун сансрын станц баригдаж эхэлснээс хойших хамгийн залуу бүрэлдэхүүнтэй баг болж байна. Тэд тойрог замд шинжлэх ухааны янз бүрийн туршилт хийнэ гэж CMSA-ын дэд дарга Линь Шичян лхагва гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.

Холбоотой мэдээ