Палестиныг дэмжсэн Олимпын аварга жүдочийн эрхийг түдгэлзүүлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2023-10-12 14:35:47

МОСКВА, 2023 оны аравдугаар сарын 12 /kommersant/. Оросын жүдоч Хасан Халмурзаев Оросын жүдогийн холбооны дотоод дүрэм журмыг зөрчсөн тул түүний тэмцээнд оролцох эрхийг түр түдгэлзүүлсэн тухай Олон улсын жүдогийн холбооны /IJF/ хэвлэлийн мэдээнд дурджээ.


Оросын талаас тус холбоонд ирүүлсэн захидалд өгүүлснээр, нийгмийн сүлжээнд Х.Халмурзаевын оруулсан нийтлэлүүд нь улс төрийн ба шашны үзэл бодлоо олон нийтийн өмнө илэрхийлэхийг хориглосон Оросын жүдогийн холбооны дотоод дүрэм журмыг зөрчсөн тул цаашид шийдвэрийг гаргах хүртэл түүний тэмцээнд оролцох эрхийг түр түдгэлзүүлсэн байна. Учир нь, Палестины “Хамас” хөдөлгөөн ба Израилын хооронд зэвсэгт мөргөлдөөн дэгдсэний дараа Х.Халмурзаев Инстаграмм дахь өөрийн профайл зургийг Палестины далбаагаар сольсон байжээ.   


Өдгөө 29 настай, 81 кг-д барилддаг Халмурзаев бол 2016 оны Олимпын аварга, 2017 оны ДАШТ-ий хүрэл медальт, 2016 оны Европын аварга жүдоч юм.

 

Холбоотой мэдээ