ӨВӨРХАНГАЙ: Төслөөс олж авсан мэдлэгээрээ өрхийн орлогоо нэмэгдүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-10-07 14:35:22

Арвайхээр, 2023 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох төсөлд хамрагдсан сурагчид өөрсдийн бүтээлээр “Өвөрхангай түншлэл” үзэсгэлэн худалдаанд оролцлоо.


Урьд нь өөрсдийн хэрэглээг хангах хэмжээнд бүтээгдэхүүнээ хийдэг байсан бол дээрх хөтөлбөрт хамрагдсаны дараа төсөл бичиж сурах, бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулан зах зээлд борлуулах, орлого, зарлагаа тооцох мэдлэг олж авсан гэдгийг тэд хэлж байв.



Хархорин сумын иргэн Ч.Сумьяасүрэн:

-Би хөдөө мал малладаг. Одоо 26 настай. Ааваараа заалгаад сүүлийн хоёр жил суран эдлэл хийж байна. Энэ сургалтад суусны дараа төсөл бичиж сураад суран эдлэлээрээ төсөл авсан. Эхлээд өөрийнхөө хэрэгцээг хангадаг байсан бол одоо захиалгаар хийж байгаа. Үзэсгэлэн худалдаанд цэрэг бүс, тэлээ, жирэм, олом, хазаар, бүрэн сүлжсэн бугуйл гэхчлэн 16 төрлийн суран эдлэлтэй ирж оролцлоо. Хүмүүс суран бүс, тэлээг сонирхон авч байна.


Үхрийн шир үнэ хүрэхгүй, зүгээр хаягдаж байгаад харамсаж, үнэ хүргэхийн тулд суран эдлэл хийж эхэлсэн. Хийж байгаа бүтээлээсээ шалтгаалаад нэг үхрийн ширнээс 300000–500000 төгрөгийн ашиг олдог. 16-тай сүлжмэл бүсэнд хамгийн ихдээ гурван алд сур орно. Нэг ширээс 30 алд сур гаргаад сүлжмэл бүс хийлээ гэхэд 2 сая төгрөгийн ашиг олж ч болно.


Богд сумын иргэн Б.Лхагвасүрэн:

-Би хоёр хүүхэдтэй. Хүүхдүүдээ хараад гэртээ суунгаа өөрийн чаддаг зүйлээрээ орлого олох, нөхөртөө тус нэмэр болох боломжтой гэдгийг төсөлд хамрагдаад ойлгосон. Тэгээд өнгөрсөн өвлөөс эхлэн гэрээрээ төрөл бүрийн гутал, гоё чимэглэлийн зүйлийг нэхэж, мөн бусдад сургалт явуулж байна. Үзэсгэлэн худалдаанд 20 ширхэг гутал, 50-иад төрлийн нэхмэл бугуйвч, зүүлт зэрэг бүтээлтэй ирж, нэлээдгүй борлууллаа. Мөн захиалга хүлээж авлаа.


Спортоор хичээллэдэг хүүхдүүдэд пүүз тэсдэггүй, дорхноо задарчихдаг. Сар бүр 150 мянгаас дээш үнээр пүүз худалдан авдаг. Нэхмэл пүүз арай тэсвэртэй байх гээд загварыг нь зааж өгөөд захиалаад явсан. Мэдээж, худалдааны пүүзнээс илүү чанартай, бас чийг татахгүй, үнийн хувьд ч хямд байх болно. Нэг пүүзийг 2-3 хоног оёдог.




Хархорин сумын иргэн Т.Саранцэцэг:

-Хүүхдийн баривч, дээл оёдог. Олбог, ширдэг ширдэг. Ноосоо самнаад зулаад ширнэ. Сургалтад суугаад төсөл бичих, орлого, зарлагаа тооцоолохыг сурсан болохоор олон төрлийн бүтээл оёж, зах зээлд борлуулах хүсэлтэй байгаа. 






Холбоотой мэдээ