Эрдэмтэд антиматерийн нууцыг тайлахад ойртжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2023-09-28 14:38:50

МЕЙРАН. /BBC/. Орчлон ертөнцийн үүслийн эхэн үед элбэг байсан нууцлаг бодис болох антиматеритай холбоотой чухал нээлтийг эрдэмтэд хийжээ. Антиматери гэдэг нь одод гаргуудаас бүрдэх Орчлон ертөнцийг бүтээгч материйн эсрэг биет гэж ойлгож болно.


Орчлон ертөнцийг үүсгэсэн Их тэсрэлтийн үеэр эдгээр бодис хоёулаа ижил тэнцүү хэмжээтэй байжээ. Хэдийгээр матери хаа сайгүй байдаг ч эсрэг материйг олоход өдгөө маш хэцүү. Шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолд эсрэг бөөмс нь гипердрайвуудын энергийн эх үүсвэр болдог. Эсрэг матери нь таталцлын нөлөөгөөр түлхэгддэг, тэр байтугай бүр цаг хугацааны хувьд ухрах боломжтой гэсэн ойлголтууд байдаг. Гэвч Европын Цөмийн судалгааны төвд (CERN) хийсэн шинэ туршилт нь эдгээр таамаглалыг үгүйсгэж, таталцлын нөлөөгөөр эсрэг материйн атомууд нь материтай адил унадаг болохыг тогтоожээ.


Олон жилийн туршид физикчид Орчлон ертөнц хэрхэн үүссэнийг тайлбарлахын тулд тэдгээрийн ялгаа, ижил төстэй байдлыг тодорхойлохыг хичээсээр иржээ. Антиматери нь таталцлын нөлөөгөөр унахаасаа илүүтэй хөөрдөг эсэхийг олж мэдсэнээр физикийн талаар өдгөө мэдэгдэж буй ойлголтууд өөрчлөгдөх ажээ.


Их тэсрэлтийн үеэр матери, антиматери нь нэгдэн нийлж, бие биеэ устгаж, гэрлээс өөр юу ч үлдээхгүй байх ёстой байв. Гэтэл яагаад ийм зүйл болоогүй вэ гэдэг асуулт физикийн том нууцуудын нэг хэвээр байгаа бөгөөд тэдгээрийн хоорондын ялгааг олж тогтоох нь үүнийг тайлах гол түлхүүр юм.


Орчлон ертөнцийн үүслийн эхний мөчүүдэд матери нь антиматериа ямар нэгэн байдлаар ялсан аж.  CERN-ийн судалгааны багийн гишүүн, доктор Даниэль Ходкинсоны хэлснээр, таталцалд хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгаа нь үүнийг тайлах гол түлхүүр байж болох юм. "Манай Орчлон ертөнцөд матери хэрхэн давамгайлж байгааг бид ойлгохгүй байгаа бөгөөд энэ нь туршилт явуулах гол шалтгаан болж байгаа юм" гэж тэрбээр ярилаа.


Ихэнх антиматери нь Орчлон ертөнцөд хэдхэн секундийн хугацаагаар л байдаг аж. Иймээс туршилт явуулахын тулд CERN-ийн баг антиматерийг тогтвортой, удаан оршин байх хэлбэрээр бий болгох шаардлагатай байв. Тэд 100 орчим устөрөгчийн эсрэг атомыг бий болгож, соронзон орон дотор байлгажээ. Соронзон орны талбай багасах тусам антиатомууд нь ердийн атомуудтай адил хурдацтай унаж байсан байна. Энэ туршилтыг "ALPHA" гэдэг нэртэй олон улсын эрдэмтдийн баг хийжээ.


Эрдэмтдийн судалгааны талаарх өгүүлэл "Nature сэтгүүлд нийтлэгдсэн байна.



Холбоотой мэдээ