Холливүүдийн кино зохиолчид ажил хаялтаа зогсоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2023-09-27 16:24:18

ЛОС-АНЖЕЛЕС. /MarketWatch/. Америкийн кино зохиолчдын холбоо (WGA) бараг таван сарын турш үргэлжилсэн ажил хаялт дууссаныг зарлажээ. 


Тус холбооны зөвлөл өмнө нь Кино, телевизийн продюсерүүдийн холбоотой (AMPTP) байгуулсан гурван жилийн урьдчилсан гэрээг дэмжсэн байна. Одоо уг гэрээг 10 дугаар сарын эхээр болох үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн бүх нийтийн санал хураалтаар батлах ёстой. Гэсэн хэдий ч ажил хаялт дууссан нь зохиолчид шууд ажилдаа эргэн орж болно гэсэн үг бөгөөд ажил хаялтын улмаас зогсоод байсан зарим телевизийн нэвтрүүлгүүд, тэр дундаа үдшийн ток шоунуудын зураг авалт үргэлжилнэ. 


Цалин хөлс, ажлын байрны аюулгүй байдал, зохиолчдын орон тоо, хиймэл оюун ухаанд тавих хяналт зэрэг бүх асуудлаар студиүдтэй хийсэн кино зохиолчдын үйлдвэрчний эвлэлийн хэлэлцээ амжилттай болжээ. Тухайлбал, кино зохиолчдын цалин хөлсний доод хэмжээ 3.5-5 хувиар нэмэгдэнэ. Түүнчлэн хамгийн алдартай телевизийн нэвтрүүлгүүдийн стриминг үйлчилгээнүүдэд зориулж бичсэн зохиолоос урамшуулал авна. Мөн хамгийн цөөндөө 13 ангитай цувралд дор хаяж зургаан зохиолч ажиллах ба наад зах нь 10 долоо хоногийн хугацаанд зохиолчид ажилтай байх баталгааг өгөх ёстой.


Хиймэл оюун ухааны тухайд, ажлын байрны төлөө компьютертэй өрсөлдөхөд хүргэдэг эрсдлийг багасгажээ. Хэрэв ажил олгогч татгалзахгүй бол кино зохиолчид зохиолоо бичихдээ хиймэл оюун ухаан ашиглах боловч ажил олгогч нь хиймэл оюун ухаанд суурилсан хэрэгслийг ашиглахыг шаардаж болохгүй.


11 мянга гаруй кино зохиолч оролцсон ажил хаялт тавдугаар сарын 2-нд эхэлсэн бөгөөд долоодугаар сард тэдэнтэй жүжигчид нэгдсэн юм. Жүжигчдийн үйлдвэрчний эвлэл одоогоор студиүдтэй хэлэлцээгээ сэргээгээгүй байгаа бөгөөд ажил хаялт нь үргэлжилсээр байна. 





Холбоотой мэдээ