БАЯН-ӨЛГИЙ: Төр, нийгмийн зүтгэлтэн Б.Хурметбек агсанд зориулж дурсгалын хөшөө босголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-09-22 17:13:34

Өлгий /МОНЦАМЭ/. Төр, нийгмийн зүтгэлтэн, доктор, профессор Байтазагийн Хурметбек агсанд зориулж Өлгий хотод аймгийн Монгол ардын намын хорооны байрны өмнө дурсгалын хөшөө босголоо.


Б.Хурметбек нь 1923 онд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Билүү хэмээх газарт төрсөн бөгөөд энэ жил түүний мэндэлсний 100 жилийн ой тохиож байгаа. Ойн баярыг угтан төр, нийгмийн зүтгэлтний үр хүүхэд, төрөл төрөгсөд нь дээрх дурсгалын хөшөөг босгосон аж.


БНМАУ-ын Гавьяат багш Б.Хурметбек 1942-1944 онд МАХН-ын дэргэдэх Намын дээд сургуулийг, 1954-1957 онд ЗХУ-ын Коммунист намын дээд сургуулийг тус тус төгсжээ. 1938-1940 онд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 3 дугаар багт түр сургуулийн багш, 1940-1942 онд аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хороонд хэлтсийн эрхлэгч, 1944-1954 онд Намын дээд сургуульд багш, Баян-Өлгий аймгийн Намын төв хороонд хэлтсийн эрхлэгч, лектороор ажилласан.


1957-1959 онд Намын дээд сургуулийн тэнхимийн эрхлэгч, Намын төв хорооны ухуулгын секторын эрхлэгч, 1959-1963 онд Увс аймгийн Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1963-1980 онд Намын дээд сургуулийн ректор, 1980-1990 онд Баян-Өлгий аймгийн Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар тус тус томилогдон ажиллаж, сургуулийн багш, захирлаар нийтдээ 24 жил, нам, төрийн удирдах ажилтнаар 26 жил хөдөлмөрлөжээ.


Тэрбээр Монгол Улсад удирдах боловсрон хүчин бэлтгэхэд өөрийн оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулсан нэгэн бөгөөд МАХН-ын Их хуралд төлөөлөгчөөр 10 удаа, Ардын Их Хурлын депутатаар 4 удаа сонгогдож байжээ.   


Холбоотой мэдээ