Уулын Карабахын арменичуудын асуудлаар хэлэлцээ үргэлжилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2023-09-22 16:50:43

БАКУ. /ВВС/. Пүрэв гарагт Евлах хотод Азербайжаны эрх баригчид ба Уулын Карабахын арменичуудын төлөөлөгчдийн хооронд хэлэлцээ эхэлжээ.


Бакугийн зүгээс Карабахын арменичуудад аюулгүй байдлын баталгаа, тэгш эрх олгоно гэж олон улсын зуучлагчид найдаж байгаа ба уулзалтын үр дүн хараахан тодорхой болоогүй байна.


Хэлэлцээнд Карабахын арменичуудтай харилцах үүрэг хүлээсэн (энэ оны гуравдугаар сард томилогдсон) парламентын гишүүн Рамин Мамедов Азербайжаны талыг төлөөлж байна. Арменичуудыг төлөөлж Уулын Карабахын парламентын гишүүд Давид Мелкумян, Арег Авагян нар хэлэлцээнд оролцож байгаа ажээ.


АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэхэд оролцох бодолтой байгаагаа лхагва гарагт мэдэгдсэн боловч Евлах хотод болсон энэ уулзалтад АНУ-аас төлөөлөгч ирээгүй аж. Энэ уулзалт бол хэлэлцээний эхлэл гэдгийг Азербайжаны тал онцолж байна.


Хэлэлцээний гол зорилго бол Карабахын арменичууд шинэ нөхцөл байдалд дасан зохицох асуудлыг шийдвэрлэх явдал юм. Тэдний газар нутаг Азербайжаны мэдэлд орсны дараа уг бүс нутагт угсаатны цэвэрлэгээ эхэлж болзошгүй гэсэн болгоомжлол бий.


Азербайжаны Ерөнхийлөгчийн Тамгын газраас "Карабахын арменичуудын нийгэм, эдийн засгийн интеграцчилалын төлөвлөгөөг боловсруулж бэлэн болгосон" гэдгийг мэдэгдээд, энэхүү “дахин нэгдэх асуудал” бол Азербайжаны дотоод асуудал гэдгийг онцлон тэмдэглэжээТашрамд дурдахад, Карабахын арменичуудыг Армени улс руу нүүлгэн шилжүүлэх бэлтгэл ажил Ереван хотод хэдийнэ эхэлжээ.


Уулын Карабахаас арменичууд дүрвэж байгаад санаа зовниж буйгаа Европын Холбоо илэрхийлсэн байна. Зарим улс төр судлаачдын үзэж байгаагаар, төрөлх гэр орноо орхихыг хүсэхгүй өндөр настай арменичууд Карабахад үлдэж магадгүй байгаа ажээ. 


 

 

Холбоотой мэдээ