6 сургууль, 3 цэцэрлэг, 1 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад оруулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2023 оны 7 дугаар сарын байдлаар манай улсын нийт хүн амын 48 хувь буюу 1.6 сая иргэн Улаанбаатар хотод амьдарч байна.
Нийслэлд 639 цэцэрлэгт 125 мянган хүүхэд, 293 ерөнхий боловсролын сургуульд 364 мянган сурагч хамрагдаж байгаа юм.
Улаанбаатар хотын төвлөрөл, даацаас хэтэрсэн хүн амын суурьшил боловсролын салбарт ч нөлөө үзүүлж, сургууль, цэцэрлэгийн хүртээмж, анги дүүргэлт, эрс нэмэгдсээр байгаа.
Хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд энэ сард
-84 дүгээр сургуулийн өргөтгөл
-Монгол тэмүүлэл сургуулийн барилга
-157 дугаар сургуулийн барилга
-34 дүгээр сургуулийн өргөтгөл
-161 дүгээр сургуулийн барилга
-СБД-ийн 13 дугаар хороонд шинэ сургууль
-ЧД-ийн 12 дугаар хороонд шинэ цэцэрлэг
-ЧД-т бага сургууль цэцэрлэгийн цогцолбор
-Эрдмийн өргөө цогцолборын өргөтгөл
-Багануур дүүрэгт шинэ цэцэрлэг ашиглалтад оруулаад байна.
Энэ онд улсын хэмжээнд 74 сургууль, цэцэрлэг, дотуур байрын барилга ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд үүний 28 нь Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа төсөл арга хэмжээ юм.
Төсөл, арга хэмжээний хөрөнгийг батлуулахаас эхлээд, газрыг шийдвэрлүүлэх, эрчим хүчээр хангах, ус, дулаантай холбох, бохир усыг зайлуулах, эрчим хүчний шугамыг татах трасст орсон газрын эзэдтэй зөвшилцөх, нүүлгэн шилжүүлэх, орц гарцыг шийдвэрлэх зэрэг олон асуудлыг шийдвэрлэх шаардлага тулгардаг аж.