JIP консорциум Toshiba-гийн хувьцааны 78 хувийг худалдан авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2023-09-21 14:43:44

ТОКИО. /Toshiba/. “Japan Industrial Partners fund” сангийн тэргүүлсэн консорциум гэр ахуйн цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэгч томоохон компани болох “Toshiba”-гийн хувьцааны 78.65 хувийг 2 их наяд иенээр (13.5 тэрбум ам.доллар) худалдан авчээ.


Ингэснээр тус компанийг хувьцаа эзэмшигчдэд шилжүүлэх ажил үндсэндээ дууссан байна. Учир нь гэрээ хэлцлийг эцэслэхэд зайлшгүй шаардлагатай хувьцааны гуравны хоёроос илүү хувийг худалдаж авчээ. “JIP” консорциумын бүрэлдэхүүнд “Orix” санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч пүүс, чип үйлдвэрлэгч “Rohm” зэрэг Японы 20 орчим компани багтдаг.


Гуравдугаар сард “Toshiba” компанийн хувьд илүү ашигтай өөр санал байхгүй байсан тул нэгж хувьцааг 4620 иен (31 ам.доллар) буюу хэтэрхий бага үнээр худалдан авах гэсэн “JIP”-ийн саналыг хүлээн авахаас аргагүйд хүрчээ.


"Компанийн байр суурийг ойлгосонд хувьцаа эзэмшигч та бүхэндээ талархаж байна. Одоо бид шинэ хувьцаа эзэмшигчийн хамтаар шинэ ирээдүй рүү чухал алхам хийх болно" гэж “Toshiba” -гийн гүйцэтгэх захирал Шимада Таро мэдэгдсэн байна. 


“Toshiba” компани нь сүүлийн жилүүдэд, ялангуяа 2015 онд санхүүгийн тайлангаа хуурамчаар үйлдсэн гэх дуулиан, мөн 2017 онд Америк дахь салбар нь дампуурсны улмаас их хэмжээний алдагдалд хүлээсэн зэргээс шалтгаалан хямралд ороод байгаа юм.




Холбоотой мэдээ