Хашаат суманд хоёр түмэн адууны баяр хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-09-19 10:53:58

Архангай аймгийн Хашаат суманд саяхан болсон буянт мал сүргийн баярт Архангайхан төдийгүй газар газрын уяач, бөхчүүд хүрэлцэн ирж өргөн дэлгэр наадлаа.

Хашаат сум бол Булган, Өвөрхангай аймагтай хил залгаа оршдог бөгөөд 1974 онд аймгийнхаа бүх сум нэгдэл дотроос анхалж 100 мянган толгой малтай болж таван хошуу мал, төлийн баяраа хийж байсан.

2006 онд сумын хэмжээгээр хоёр бум буюу хоёр зуун мянган малтай болж байсан бол арван жилийн дараа гурван бум гаруй мал, хоёр түмэн адуу тоолуулж ийнхүү амжилтаа тэмдэглэлээ.

Баярд азарга, их насны 66-80 хурдан ажнай тоосоо өргөв. Улс аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөх хүчээ сорьсноос гадна “Сайхан уурга хуйв”, “Сайхан азарга гүү”, “Сайхан эмээл хазаар бүхий морьтон”, “Сайхан айраг” шалгаруулах тэмцээнүүд наадамчдын гайхрашлыг төрүүлж, малчин хүн мал сүргийхээ буян хишгийг зөв ашиглаж, зорилго санаачилгатай ажиллавал юу ч бүтээж, чинээлэг аж төрж болохыг харууллаа.

Тэмцээн уралдаанд түрүүлсэн хүмүүсийг адуугаар байлснаараа онцлог байлаа. Сүргийн баярт Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Хархорин хотоос ирэгсэд журам сайтай монгол ёс уламжлалаа  дээдэлсэн наадам боллоо гэж шагшиж байлаа.

Архангай аймаг Л.Булган

 

Холбоотой мэдээ