Нью-Йоркийн дэлбэрэлтэд өртсөн хүмүүсийн тоо 29-д хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
adiyakhuu@montsame.mn
2016-09-18 13:41:19

НЬЮ-ЙОРК./TASS/. Нью-Йорк хотын Манхэттэн дүүрэгт болсон дэлбэрэлтэд 29 хүн өртөн шархадсан тухай тус хотын Цагдаагийн газрын дарга Жеймс О'Нил мэдэгдлээ. Шархадсан хүмүүсийн нэгнийх нь биеийн байдал нэлээд хүнд байна.

Нью-Йоркийн Гал түймэртэй тэмцэх газрын комиссар Дэниэл Нигро хэлэхдээ, дэлбэрэлт барилга дотор бус гадаа гудамжинд болсныг баталжээ. Мөрдөн шалгалт явагдаж байгаа учраас дэлбэрэлтийн шалтгааны талаар тодорхой зүйл ярихаас тэрбээр татгалзсан байна.

Уг дэлбэрэлт нь террорист ажиллагаа байсан гэдгийг нотлох баримт одоогоор олдоогүй, мөн Нью-Жерсид болсон дэлбэрэлттэй холбоотой гэх нотолгоо алга гэж Нью-Йорк хотын дарга Билл де Блазио мэдэгджээ.  

Манхэттэнд дэлбэрэлт болохоос өмнөхөн Нью-Йорктой хил залгаа Нью-Жерси муж улсад гар хийцийн жижиг тэсрэх бөмбөг дэлбэрсэн хэрэг өчигдөр гарсан байна. Уг бөмбөгийг хогийн саванд нуусан байсан бөгөөд энэ газрын орчмоор бүх нийтийн гүйлтэд оролцогчид гүйж өнгөрөх гэж байв. Аз болоход, дэлбэрэлтийн үеэр хүмүүс гэмтэж бэртээгүй, эд материалын хохирол учраагүй ажээ.

Б.Адъяахүү  

 

Холбоотой мэдээ