БАЯН-ӨЛГИЙ: ЭЕШ-аас өндөр оноо авсан сурагчдыг мөнгөн шагналаар урамшуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-08-31 15:20:29

Өлгий /МОНЦАМЭ/.  Баян-Өлгий аймгийн багш нар  жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Бага хурлаа Өлгий хотод энэ сарын 30-ны өдөр хийлээ.


Бага хурлаар 2022-2023 оны хичээлийн жилд дэвшүүлсэн зорилго, зорилтын хэрэгжилт, цаашид анхаарах асуудлуудаа хэлэлцэв.


Энэ үеэр 2023 оны элсэлтийн ерөнхий шалгалтаар өндөр оноо авсан сурагчид, тэдгээрийг бэлтгэсэн багш нар, элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнгээр улсын дунджаас дээгүүр оноо авсан сургуулиудыг урамшууллаа.


Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 ээлжит бус ХІІІ хуралдаанаар "Элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнг дээшлүүлэх дэд хөтөлбөр III"-ийг баталсан. Тус хөтөлбөрт ЭЕШ-аас 800 оноо авсан сурагчийг 500 мянга, 750-799 оноо авсан сурагчийг 450-500 мянга, улсын дунджаас дээгүүр амжилт үзүүлсэн улсын сургуулиудыг эзэлсэн байрыг нь харгалзан 5-10 сая, хувийн хэвшлийн сургуулиудыг 5-8 сая төгрөгөөр шагнан урамшуулахаар тусгасан байдаг.


Энэ жил дээрх мөнгөн урамшууллын болзлыг аймгийн хэмжээнд 21 хүүхэд хангажээ. Тэдгээрийн 4 нь ЭЕШ-аас 800 оноо авсан аж. Эдгээр хүүхдүүдийг нийтдээ 9 сая 650 мянган төгрөгөөр шагнав. Мөн бэлтгэсэн сурагч нь өндөр амжилт гаргасан 44 багшид 22,5 сая төгрөгийн урамшуулал олголоо.


2022-2023 оны ЭЕШ-ын улсын дундаж оноо 517, Баян-Өлгий аймгийн дундаж 487 байгаа. Харин тухайн онд тус аймгийн 8 сургууль нэгдсэн дүнгээр улсын дунджаас дээгүүр амжилт үзүүлсэн байдаг.


Тиймээс өндөр амжилт үзүүлсэн ерөнхий боловсролын Баян-Өлгий Эмпати, Бастама, Дарын, Зайд, Буянт сумын сургууль, Өлгий сумын 5, 6 дугаар сургуулиудыг 1-3 сая төгрөгөөр шагнан урамшуулав. 

Холбоотой мэдээ