БАЯН-ӨЛГИЙ: Есдүгээр сард олон жилийн дунджаас бага хур тунадас орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-08-29 14:54:19

Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан цаг агаарын урьдчилан мэдээгээр есдүгээр сард тус аймгийн нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орох төлөв ажиглагджээ.


Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар бага зэрэг хур тунадас орно. Энэ үеэр салхины хурд зарим газраар 14 м/с, түр зуур 16-18 м/с-д хүрч ширүүсч болзошгүй.


Есдүгээр сарын агаарын олон жилийн дундаж  температур 0-4 хэм дулаан байдаг. Харин энэ жилийн хувьд нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй.


Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2 хэмээр сэрүүн, нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд 1-2 хэмээр дулаан байх аж. 

Холбоотой мэдээ