ДОРНОГОВЬ: Бүрдэнийн элсэн сувиллыг зорих хүмүүст...

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-07-06 12:03:25

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговьд аялал амралтаар ирсэн хүмүүст зориулж нутгийн түүх дурсгалт газар хийгээд аялал жуулчлалын маршрутыг цувралаар хүргэж байна. Хамарын хийдийн аялал жуулчлалын бүсээс гадна тус аймаг дахь Эрдэнэ сумын Бүрдэнийн элсэн сувиллыг зорих аяллын маршрут бий.


Эрдэнэ сумын нутагт байх бөөрний өвчинд нэн сайн гэгддэг Бүрдэнийн элсний сувиллыг зорих хүмүүс хувийн машинаар болон УБТЗ-ын вокзалаас Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн галт тэргэнд сууж Эрдэнэ сум хүрэх боломжтой. Тэндээс хувийн унаанд сууж элсэн сувиллын газар хүргүүлнэ. Сумын төвөөс баруун урагш 27 км зайд 11 орчим ам дөрвөлжин га талбайд хэсэг хэсгээр сунаж тогтсон элсэн манхан бүхий говийн баянбүрд бол байгаль эхийн нэгэн онцгой бүтээл төдийгүй зорин ирэх аялагч жуулчдын нүдийг хужирладаг газар билээ.


Хүн зоны өвчнийг илааршуулж, оюун санаанд хүрч гайхагдаж буй Бүрдэнийн элсэн сувиллыг өмнөх нийгмийн үед улсын Клиникийн гуравдугаар эмнэлгийн эмч нар бөөрний хурц архаг үрэвсэл, үе мөч, давсгийн үрэвсэл зэргийг анагаах шидтэй болохыг судалж тогтоосон байдаг. Харин 1995 онд тус сувиллыг Эрдэнэ сумын мэдэлд бүрэн шилжүүлсэн төдийгүй 2011 онд байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан нь нутгийн унаган эко системийг хадгалж үлдэх, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлсэн байдаг.



Эдүгээ сувиллыг түшиглэж эмчилгээний аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бүрдэж байна. Үйл ажиллагааг нь өргөтгөх, ажиллах нөхцөл байдлыг сайжруулах үүднээс одоогоос гурван жилийн өмнө улсын төсвийн нэг тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаар агаарын цахилгаан дамжуулах шугам барьж, 24 цагийн эрчим хүчтэй болгосон төдийгүй амрагчдын байр, эмнэлэг, хоолны тасалгаа, ариун цэврийн өрөө зэргийг тохижуулжээ. 


Сувиллын өрөөний дотоод тохижилт, тавилга, эд хогшил, шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэж байжээ. Эдүгээ Бүрдэнийн сувилал үйл ажиллагаагаа өргөтгөж Эрүүл мэндийн яамнаас баталгаажуулдаг магадлан итгэмжлэлд орох зорилтыг 2016 оноос хойш тавьж, бэлтгэл хангаж байна. Өөрөөр хэлбэл магадлан итгэмжлэлд орсон тохиолдолд сувиллын чиглэлээр Монгол Улсын анагаах ухааны салбарын эмчилгээ үйлчилгээний тогтоосон стандарт шаардлагыг хангаж үйл ажиллагаа явуулах болно. 


Сувиллаар жилдээ 300 гаруй хүн үйлчилгээ үзүүлдэг бол аялал жуулчлалын чиглэлээр 600-700 гаруй хүнд үйлчилдэг аж. Харин өвөл, хаврын улиралд үйл ажиллагаа нь түр зогсдог байна. 


Эмчилгээний сувилал нь зургадугаар сарын 20-ноос наймдугаар сарын 20-ныг хүртэлх хугацаанд үйлчлүүлэгчдээ хүлээн авч сувилал эмчилгээг үзүүлдэг. Учир нь энэ хугацаанд нарны эрчим хүч хамгийн их энерги ялгаруулж, элс эрчимтэй халдаг тул эмчилгээ хийлгэхэд тохиромжтой аж.

Амрагч, сувилуулагчид ингэний буцалгаа ууж, халуун элсний шарлага хийж, элсэн манхан, зүлэг ногоон талбай дээгүүр хөл нүцгэн алхаж, ер бусын ундаргатай булаг рашаан, мэлхийтэй худаг, өрхий, заг, суль, шаваг, цулхир, хөмүүл зэргийг үзэж, говийн ургамал, байгалийн сонин сайхныг мэдрэх болно. Элсний эмчилгээнээс гадна сувилуулагчид ингэний халуун хоормогийг дотроосоо ууж эмчилгээгээ илүү үр дүнтэй болгодог
билээ.


Мөн эд эсийг нөхөн сэргээх зорилгоор физик эмчилгээ, иллэг, бариа заслыг хийдэг. Мөн энд 108 булаг ундардаг. Нэг зүйлийг онцлоход 200 гаруй жилийн өмнө говийн догшин ноён хутагт Данзанравжаа хийд байгуулсан үеэс шашны нэгэн зан үйлийг хийдэг байжээ. 
 

 

Холбоотой мэдээ