СЭЛЭНГЭ: Төрийн байгууллагад процессын дахин инженерчлэл хийх ажлыг Сэлэнгэ аймгаас эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-06-23 08:32:13

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-аас Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Шинэ сэргэлтийн бодлогын Хурдасгуур төвтэй хамтран "Процессын дахин инженерчлэл" сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг аймгийн төв Сүхбаатар суманд энэ сарын 21-нд зохион байгууллаа.

 

Уулзалтын хүрээнд ЗГХЭГ-ын дэд дарга бөгөөд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж "Процессын дахин инженерчлэл хийх талаар баримталж буй Засгийн газрын бодлого", Шинэ сэргэлтийн бодлогын Хурдасгуур төвийн захирал Б.Дөлгөөн "Төрийн чадамжийг бүрдүүлэх нь", Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Тандалт судалгааны багийн ахлагч Б.Анар "Төрийн байгууллагад Процессын дахин инженерчлэл хийх нь", Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар "Хот хөдөөгийн сэргэлт ба цахимжилт" сэдэвт илтгэлийг тус тус танилцууллаа.

 

Уулзалт хэлэлцүүлэгт 450 гаруй төрийн албан хаагч хамрагдав.

 

Процессын дахин инженерчлэл хийснээр ямар үр дүнд хүрэх талаар Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Тандалт судалгааны багийн ахлагч Б.Анараас тодрууллаа.

 

Тэрбээр: "Энэхүү ажлын үр дүнд иргэдийн төрийн үйлчилгээг авахын тулд туулдаг шат дамжлагын тоог багасгахаас гадна төрийн үйлчилгээг илүү шуурхай хүргэх боломжтой болно.

 

Мөн төрийн үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой албан хаагчийн ажлын ачааллыг илүү тэнцвэртэй зохион байгуулах боломж бүрдэнэ. Түүнчлэн төрийн үйлчилгээг хүргэх илүү олон сонголттой болж, иргэд хүссэн хэлбэрээр, хялбараар авах боломж бүрдэнэ.

 

Мөн захиргааны байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг илүү оновчтой болгохоос эхлээд Төрийн албаны бүтээмж, чадамж дээшилж, төрийн үйлчилгээг үзүүлж буй албан хаагч, үйлчилгээ авч буй иргэн аль алиных нь сэтгэл ханамж дээшлэх зэрэг  өндөр ач холбогдол бүхий үр дүнд хүрэх юм гэлээ. 

Холбоотой мэдээ