ӨВӨРХАНГАЙ: Түүх, англи хэлний хичээлээр бүртгүүлсэн хүүхдийн 93 хувь нь шалгалт өгчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр /МОНЦАМЭ/. 2022-2023 оны хичээлийн жилийн Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 15-ны өдөр орон даяар эхэлж, Монголын түүх хичээлээр эхний шалгалтыг авлаа. Өвөрхангай аймгийн хэмжээнд энэ жил 1063 сурагч ахлах ангиа төгссөн бөгөөд өмнөх оны 124 төгсөгчийн хамтаар 1187 сурагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлжээ.
“Элсэлтийн ерөнхий шалгалтын эхний өдрийн хоёр хичээлээр нийт бүртгүүлсэн хүүхдийн 93 хувь нь шалгалт өглөө. Тухайлбал, түүхийн хичээлээр 33 хүүхэд бүртгүүлсэн байснаас 29, англи хэлээр 578 хүүхэд бүртгүүлснээс 533 нь шалгалт өгсөн. Энэ нь тухайн сурагч сонгосон хичээлээ өөрчилсөнтэй холбоотой. Мөн хүндэтгэх шалтгаанаар шалгалт өгөөгүй хүүхэд байна. Түүнээс биш, шалгалтаасаа хоцорсон хүүхэд байхгүй. Бид шалгуулагчдыг аль болохоор бүрэн хамруулахыг зорьж ажиллаж байна” хэмээн БШУГ-ын сургалт, аргазүйн хэлтсийн дарга, Ажлын багийн ахлагч Э.Батаа хэллээ.
Сурагчид шалгалтаа хэр амжилттай өгсөн талаар тодруулахад
“Түүхийн хичээлээр хамгийн дээд тал нь 92 оноо, англи хэлээр 90 оноо авсан. Энэ
бол анхны оноо. Шалгалтын оноог 24 цагийн дотор 800 хэмжээст оноонд шилжүүлээд
БҮТ-ийн сайтад мэдээлдэг. Мөн шалгалтыг шууд засаж, дүнг сургуулийн гадна
самбар болон цахим сайтуудаар ил тод мэдээлж байна” гэв.
Өвөрхангай аймгийн хэмжээнд ЭЕШ-ыг Арвайхээр сумын ерөнхий боловсролын Нэгдүгээр сургууль дээр зохион байгуулж байна. Энд аймгийн Ажлын багаас гадна МУБИС-ийн багш, доктор н.Оюунцэцэгээр ахлуулсан гурван хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа юм. Нийт төгсөгчдөөс математикийн хичээлээр 825 сурагч, нийгэм судлалаар 680, англи хэлээр 578, монгол хэлээр 362, физикээр 330, биологиор 278, химийн хичээлээр 274, түүхээр 33, газарзүйгээр 19, орос хэлээр 13 сурагч тус тус шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна.