СҮХБААТАР: Мастер Э.Энхнарын нэрэмжит тэмцээнд 300 гаруй шатарчин оролцож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт /МОНЦАМЭ/. Дэлхийн шатрын холбооны мастер Э.Энхнарын нэрэмжит нээлттэй тэмцээн Баруун-Урт суманд болж байна. Тэмцээнд 10 аймгийн 23 клубийн 300 гаруй шатарчин оролцож
долоон ангилалд өрсөлдөж байна. Тэмцээн 6 дугаар сарын 9-11 ний өдрүүдэд үргэлжилнэ.
Монголын шатрын холбооны удирдлагын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч хоёр, Улсын аварга шатарчин найм, их мастер хоёр, олон улсын мастер гурав, ОХУ-ын тамирчин нар оролцож байгаа нь тэмцээний цар хүрээг илтгэж байлаа.
Тэмцээн нийт 22 сая төгрөгийн
шагналын сантай бөгөөд УИХ-ын гишүүн Н.Ганибал ивээн тэтгэж байна. Тэрбээр
оюуны спортыг үргэлж дэмжиж хамтран ажилладаг. Өнгөрсөн жил аймгийн шатрын
холбоонд сургалтын хэрэглэгдэхүүн өгч байсан бол энэхүү тэмцээний үеэр багш
Ж.Энхбаатарт хамгийн сүүлийн үеийн, үзүүлэлт өндөртэй зөөврийн компьютерийг
гардууллаа.
Э.Энхнар нь дөрвөн
настайгаас хойш тасралтгүй 22 жил шатрын спортоор хичээллэж байна. Одоогоор
бэлтгэл сургуулиа тогтмол хийхийн зэрэгцээ Улаанбаатар хотноо "Босоо ноён" клубээ байгуулж тамирчид бэлтгэж эхэлжээ. Тэрбээр цаашид шатрын спортын дээд
цол их мастерт хүрэхийн төлөө зорьж байгаагаа хэлж байлаа. Мөн энэхүү тэмцээн
нь хоёр жилийн өмнөөс төлөвлөгдсөн бөгөөд сүүлийн жилүүдэд Сүхбаатар аймагт
болоогүй томоохон тэмцээн гэдгээрээ онцлог гэдгийг тодотгов.