СҮХБААТАР: Уран зургийн анхны цомгийг Ё.Бадарч гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-06-08 13:30:13

Баруун-Урт /МОНЦАМЭ/. Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Ё.Бадарч өөрийн уран бүтээлээс бүрдсэн уран зургийн цомгоо гаргажээ. Тэрбээр энэхүү бүтээлээ аав, ээжийнхээ гэгээн дургалд зориулав хэмээн тамгалсан бөгөөд энэ нь түүний төдийгүй Сүхбаатар аймгийн түүхэн дэх анхны уран зургийн цомог юм.


Тэрбээр 1996 оноос эхлэн нийт долоон удаагийн бие даасан үзэсгэлэнгээ гаргаж, олон улсын үзэсгэлэнд 20-иод удаа оролцож байжээ.


"Дунд сургуулийн сурагч байхаасаа уран зураг сонирхож эхэлснээс хойш эдүгээ 50-иад жилийг үджээ. Бүхий л амьдралаа уран зурагтай холбож, ажлын карьер маань ч Сүхбаатар аймгийн Урчуудын эвлэлийн зураач, эрхлэгч, Сүхбаатар аймгийн ЗДТГ-т соёл, урлаг хариуцсан мэргэжилтэн, Олон улсын зураачдын холбооны гишүүн, Монголын урчуудын эвлэлийн мэргэжлийн уран бүтээлч, зураач, Урчуудын эвлэлийн тэргүүн гээд зөвхөн энэ л салбартаа хүчин зүтгэсээр өдийг хүрлээ. Энэ хугацаанд өөрийн оронд бие даасан болон хамтарсан үзэсгэлэн, олон улсын үзэсгэлэнгүүдэд оролцож байлаа.

Дорнод Монголын нүүдэлчин ард түмний түүх, соёл, аж амьдрал, гайхамшигт байгаль орчин, ан амьтад, мал сүрэг, хүн зон ардынхаа дүр төрхийг уран бүтээлдээ тусган харуулсан 500 гаруй уран зураг, зураасан зураг, монументаль, чимэглэлийн бүтээл болон ардын уламжлалт өв урлалын чиглэлээр судлал шинжилгээний бүтээлийг туурвиж ирсэн. Энэ бүхний минь сор, дээж нь уг цомогт багтсан" гэж МУУГЗ, МУЭ-ийн гишүүн,зураач Ё.Бадарч хэллээ.


Уран зургийн цомог бүхий номын нээлт 6 дугаар сарын 21-нд Баруун-Урт суманд болох бөгөөд энэ үеэр мөн түүний "Будар судар" үзэсгэлэн дэлгэх аж.

 

 

 

Холбоотой мэдээ