ӨМНӨГОВЬ: Говийн дулаахан сэтгэлт бүсгүй найрагчийн дуулал оршвой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-06-07 14:49:13

            ...Салхин хээтэй говьд өглөө нар мандах нь амирлангуй

    Сар тунасан үдэш болзоонд зогсох бүсгүй амирлангуй

    Нараа тосон элсээ нөмөрлөх загийн шугуй амирлангуй

                Намуун талдаа дураар цовхчих зэрэглээ нь амирлангуй

                Элс хээлсэн манхан шаргал говь минь

Энгэртээ шүлэг асгаруулж өнжих нь амирлангуй... ингэж бичиглээд анхны номоо өлгийдөж авч байсан цаг хэзээ билээ. Өчигдөр шиг л, өнөөдөр мэт дэргэд санагдана... Гэсэн ч элсэн говийн эгэлгүй нэгэн шавилхан бүсгүй найрагч одоо эзгүй...  



Саранд хүслээ шивнээд ер бус ертөнцийн тодоос тод өнгө нь байж чадсан өмнийн говийн эрдэнийн нэгэн шигтгээ, нэрт яруу найрагч, сэтгүүлч Данзанхүүгийн Мишигсүрэн агсны тухай ийн өчихийн учир билэг ерөөл бүрдэж, өлзий дэмбэрэл дүүрэн тэгширсэн энэ гэгээн өдөр түүний мөнх үргэлжлэх ариун эгшиглэн болсон хос номын бүтээл /4,5 дахь ном/ мэндэлж, шүлгийн жимээр саравчлан дөтөлж, бурхны шувуу болон бидэнд нисэн ирвэй.

Нээлтийн үйл ажиллагааны тэргүүн хоймроос “Бурхны шувуу” өгүүллэгийн номыг нь өмнөтгөн болгоосон МУСГЗ, МЗЭ-ийн шагналт зохиолч Эрэнжидийн Хархүү мэндчилж, Монголын уран зохиолд тодорхой ул мөрөө үлдээсэн авьяастай сайхан яруу найрагч, сайн ч сэтгүүлч байлаа” хэмээгээд хос номын бүтээлүүдээс говь нутгийн малчин монгол ухаан, ижийн сэтгэлээр хүншүүлэн бичсэн “Ижин бор” өгүүллэг, эх нутгаа сэтгэл зүрхнээсээ өмөлзөн харамлан бичдэг бүтээлүүдийнх нь төлөөлөл болгож “Нутгаа өмөөрч би агсам тавимаар байна” шүлгийг онцгойлон таниулснаар Д.Мишигсүрэн агсны хос номын хурим төгөлдөр дүүрэн эхэллээ.

...Тэр жилийн гунигаа шувуудад дайгаад явуулсаан

Тэргэл наран мандах бүрт шөнийн одод атаархаад

Тэнэмэл бодлынхоо үзүүрээс дугтарч өөрийгөө олдог оо

Уртын урт аялалыг зөгнөөд сэтгэлийн жим дурайна

Уянга ялдам эгшиг зүрх гижигдээд

Учирлын зөн дагуулан уулсын зүг шүлэг минь ниснэ

Гансарсан сэтгэлийн гүнээс шүлэг минь мөлхөж бэдрэв

Гарцаагүй туулах л ёстой жим энэ мэт санагдана... /”Шүлгийн жим саравчлахуй” шүлгээс/


Түүний гэгээн дурсгалд зориулсан номын цагаан буяныг дэлгэрүүлэх ажлыг санаачлан зохион байгуулж, өдгөө ахан дүүс, амраг садан, найргийн олон нөхдөд нь өргөн барьж буй хос номын зохиогч, яруу найрагч Д.Мишигсүрэн агсны том охин Одсүрэнгийн Должин:

    “Аавын бийд хүнтэй танилц

          Агтны бийд газар үз гэж монголчууд хэлдэг. Би ээжтэйгээ байхдаа түүнийхээ хүрээлэлд байдаг олон сайхан хүмүүстэй танилцаж, ах эгч дүүс болон үлджээ. Ээж минь яаж ийм олон хүнтэй тийм сайхан нандин харилцаатай байсан юм бэ гэж ээжээсээ хойш их боддог болсон. Өнөөдөр тэр олон сайхан нандин эрхэм хүмүүсийнхээ дэмээр хайртай ээжийнхээ шүлэг болон өгүүллэгийн номыг хэвлүүлэн уншигч олны гарт хүргэж байгаадаа сэтгэл үнэхээр догдлон баярлаж байна. Ээж минь байсан бол илүү өргөн цар хүрээтэй, сайхан номын баяр болох байсан даа. Ээжээ тандаа үрс нь хайртай шүү. Таныхаа үргэлжлэл болж, сайхан үйлс бүхнийг нь сэвтээхгүй өндөрт өргөж явна гэдэгт бидэндээ итгээрэй” гэсэн бол Д.Мишигсүрэн агсны төрсөн эгч Д.Мядагсүрэн: “Дүүгийнхээ нийслэл хотод номын баяраа тэмдэглэхийг зорьж байсан чин хүслийг биелүүлж, баярт ирсэн эрхэм зочдыг хараад дүү минь энэ богинохон амьдралдаа энэ эрхэм олонтойгоо ямар сайхан үнэ цэнтэй амьдарч байж вэ гэж өөрийн эрхгүй бахархаж сууна. Номыг нь ийн олон түмний хүртээл болгож, хэвлүүлэхэд гүн туслалцаа үзүүлсэн дүүгийн минь хамтрагч, анд нөхөр Х.Мандахбаяр дүүдээ маш их баярлаж байна.



Түүнээс гадна дүүгийн минь номыг хэвлүүлэхэд маш олон, компани тусалж дэмжсэн. ТВ8 телевизийн хамт олон, Өмнөговь аймгийн ИТХ, ЗДТГ, Даланзадгад сумын ЗДТГ, МЗЭ-ийн Өмнөговь аймаг дахь салбарын хамт олон, МСНЭ-ийн болон МЭХ-ны Өмнөговь салбарын хамт олон, ах дүү хамаатан садан, найз нөхөд та бүхнийг дурдан хэлэхэд хязгааргүй баяртай байна. Өндөр настай ээж минь номын баярыг зорин ирсэн бөгөөд дүү минь бусдын төлөө амьдарсан шиг амьдарч, зүтгэж явсан, бусдыг уучилж бас ухааруулж чаддаг, түүнийхээ үр дүнд мөнхөд санан дурсаж байх өөрийн гэх үнэтэй түүхийг бүтээж чадсан ийм сайхан дүү минь байлаа” гэсэн юм.


Сэтгүүлч, яруу найрагч Д.Мишигсүрэн нь 100 гаруй жилийн түүхтэй Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагт 2015 оноос хойш 2022 оныг хүртэл үр бүтээлтэй ажиллаж говь нутгийнхаа хөгжил дэвшил, ололт амжилтын талаарх мэдээ мэдээллийг цаг алдалгүй бэлтгэн хүргэж манлайлан ажиллаж байсан юм. Энэхүү гэгээн өдөрт хүндэтгэл үзүүлэн МОНЦАМЭ агентлагийн Орон нутгийн мэдээний редакцийн ахлах редактор А.Саранцэцэг болон бусад төлөөлөл хүрэлцэн ирж оролцлоо.

МЗЭ-ийн Яруу найргийн төвийн тэргүүн Нямжаргалын Минжинсайхан: “Мөн чанараа, хүн чанараа, мөнөөх сайхан өдрүүдээ нэвсийтэл сайхан тээгээд шинэ номын баринтаг задлах мөчийн гэрч болсон та бүхэнд баярлалаа. 2014 оноос хойш Д.Мишигсүрэн андтайгаа хамтран ажиллаж, говь нутгийн яруу найргийн наадмыг зорин ирдэг байлаа. Түүнээс хойш бараа бараандаа байж, бие биеийнхээ бүтээл туурвилд гэгээтэй явжээ. Бид дурсан санах гэдэг үүргээ хэзээ ч умартаж болохгүй билээ” гэв.




Өмнийн говь нутагтаа найраг бүтээлээрээ мөнхөрсөн найрагч агсан амьдралынхаа сүүлийн 13 жилийг говь нутгийн утга зохиолын хөгжлийн төлөө зориулсан нэгэн билээ. Тэр л сэжүүрээр найраг шүлгийн үйл ажиллагаа зохион байгуулж, олон арван хүмүүстэй хамтран ажилладаг байсны бас нэгэн төлөөлөл Монголын нийтийн дууны нэрт мастер, МЗЭ-ийн шагналт зохиолч, МУСТА Намбарын Пүрэв юм. Тэрбээр хэлэхдээ: “Хүний амьдралд олон сайхан дотны хүн бий. Тэгвэл миний хувьд зүрхэнд минь хамгийн ойр явсан найзуудын нэг бол Д.Мишигсүрэн байлаа. Нэгэн сайхан найрагч андын минь хэлснээр нэгэнт буцсан найзаа дурсахад хүрэл зүрх ч хайлна. Түүний тухай надад үнэхээр сайхан хадаг шиг намирсан дурсамжууд бий. Тэр зүгээр нэг найрагч зохиолч биш Мандухай сэцэн хатан, Ану хатан, Түвдэнгийн Бор шигээ эх орон амьтай, нутаг сэтгэлтэй жинхэнэ дайчин бүсгүй байсан юм. Хэдийгээр тэр минь “Болор цом” зэрэг том тайзанд шүлгээ уншдаггүй байсан ч гэсэн түүний номыг дэлгэх юм бол тавьж болохгүй, шүлгийг нь уншаад эхлэх юм бол дутуу орхиж боломгүй ийм бодрол ухааралтай авьяаслаг хүн байв. Өмнийн дэлгэр говь шигээ уужим бодолтой найз минь миний зүрх тархинд одоо амьд мэнд бий юм шүү. Зарим хүн амьдралынхаа сүүлчийн цэгтэй хамт орчлонгийн тоосонд замхарч оддог. Харин холыг харж, алсад тэмүүлж том амьдарсан хүмүүс яг тэр огтолсон цэгээс эхлэж, ард түмний сэтгэлд, бусдын оюун санаанд илүү тод, ойрхон, хамгийн ихээр хайрлагдан үлддэг. Ийм хүмүүсийн нэг бол Д.Мишигсүрэн байлаа.




Хос номын баярыг нь хийж, сэтгэл зүрхнээсээ дурсан суугаа хамгийн хүндэт нэгэн хүмүүн зочдын дунд байсан нь Д.Мишигсүрэн агсны хань Ц.Ойдов. Ханьдаа зориулж хамгийн сүүлд бичсэн “Хань минь” шүлэгт МУСТА, АБТА, хөгжмийн зохиолч Шанжмятавын Эрдэнэжаргал аялгуу бүтээж,  ЦДБЭЧ-ын дуучин М.Цэрэнсугирын дуулснаар номын баярт хүрэлцэн ирэгсэд анхны сонсогч үзэгч болсон билээ.

...Тэнгэрийн сэнтийд заларсан

Бурхны зурсан төөрөг минь ээ

Тэртээгээс тэмүүлж ирсэн

Булиглах зүрхний хань минь ээ

         ДХ: Дүүрэн сарны чанадаас

                 Дуулж ирсэн хань минь ээ... /”Хань минь” дууны хэсгээс/



Говийн уран бүтээлчдийн гайхамшигтай нэг чанар бий. Эвлэлдэн нэгдэх, хамтдаа бүтээх гэсэн их эрмэлзэл нь өнөөгийн энэ утга зохиолын нэгдэлд дууны яруу найраг эрчимтэй хөгжих үндэс болсон билээ. Д.Мишигсүрэн агсан найрагч уран бүтээлчдийнхээ бүтээлийг олон түмэнд сурталчлах бас нэг сорчилсан арга дууны яруу найргийг хөгжүүлэх юм гэдгийг олж мэдэн нутгийнхаа ая зохиогчидтой хамтран олон сайхан уран бүтээл хийж, олон сайхан уран бүтээлчидтэй найрагчдыгаа холбон ажиллаж байсан билээ. Тэдгээр уран бүтээлч нөхдийнх нь төлөөлөл болж, “Хань минь” дууны аялгууг зохиосон Ш.Эрдэнэжаргал хэлэхдээ: ”Эрхэм найзын маань хийж бүтээж байсан бүхнээр дамжин та бидний дунд тэр үргэлж амьд сэрүүн мэт оршин байх болно. Сайхан буурал ижийд нь, ах дүүс, үрсэд нь хань ижилд үргэлж дурсагдаж байх дуун суварга бүтээлцсэндээ сэтгэл дүүрэн байна. Мики найз минь найрагч зохиолчоос гадна энэ орчлон дэлхийд байгаль эхийг бүтэн байлгахын төлөө сэтгэл зүрхээрээ амьдардаг байлаа. Хамгийн сүүлд тэр маань Өмнөговийн уран бүтээлчид нэгдэн нийлж, уран бүтээлээ хүнд хүргэж чаддаг болчихвол Э.Хархүү гээд олон сайхан ахмадуудынхаа залгамж халаа болж алдарших зохиолчид олноор төрөх юм хэмээн ярьж байсан нь тодхон санагдаж байна” гэв. 



Утга зохиолын хөгжлийг говь нутагт өрнүүлэн ажиллахад орон нутгийн уран бүтээлчдэд том дэм болсон ийм найргийн эрхэм садангууд Д.Мишигсүрэн агсны сэтгэл зүрхэнд хүндтэй байр суурийг эзэлдэг байсан юм. Тийм л гэгээн зүгийн андуудынх нь нэг, “Болор цом”-ын эзэн Норовын Гантулга: “Сайхан шүлэг уншаагүй уджээ. Номыг нь уншаад ямар сайхан шүлэг бидэнд үлдээгээ вэ? Хайрт найз минь говийнхоо тэнгэрт өдрөөр харвасан од байлаа. Хонгорынхоо алтан шаргал элсний нурлага байлаа. Бидэндээ хамгийн их хайрыг бас хамгийн их харууслыг үлдээсэн ийм л эрхэм байлаа. Өмнийн шаргал говийнхоо сүлдэт багана шигээ гэрэлт бүсгүй байлаа” гээд говь нутгийн хүн бүрийн мэдэх “Чулуун тоглоомоо эргээд” шүлгийг нь дуудан хүндэтгэл үзүүлсэн юм.




Д.Мишигсүрэн агсны байгаль орчны төлөө тууштай хамгаалан ажиллаж байсны хувьд энэ хүрээнд үндэсний үйлдвэрлэл, үндэсний контент хөгжүүлэх зорилгоор нутгийн бизнесмэн найз Бүдээгийн Баярчимэгтэй хамтран ажиллаж, “Хармагтай яриа” контентыг үүсгэн байгуулж, олон арван дугаарыг бэлтгэн олон нийтэд хүргэсэн юм. “Д.Мишигсүрэн найз минь ямар ч салбарт ажилласан тухайн баг олны эв нэгдлийг сахиулж чаддаг, ямар ч хүнийг ялгалгүй дэмжиж тусалж явдаг, чадна гээд зориглоод эхлүүлсэн л бол ямар ч ажлын ард гарч чаддаг. Энэ бол баргийн удирдагч хүнд байгаад байдаггүй ийм ховор чанар юм. Говь нутгийн онгон дагшин байгалийн эко системийг хамгаалах, үндэсний брэнд хармаг жимсийг тариалан эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх, сурталчлах “Хармагтай яриа”-ны нэгэн дугаарыг хармаг жимсэлсэн том бутны дэргэд хийхээр төлөвлөж байсан түүнийгээ заавал хийх болно” хэмээн “Хатан хармаг кластер” үндэсний хөгжлийн хөтөлбөрийн санаачлагч Б.Баярчимэг дурсамж яриагаа өндөрлөлөө.


Номын баярт олон салбарын хүмүүс оролцож байгаа нь зохиогчийн нийгмийн олон салбарт хүчин зүтгэж байсныг гэрчилнэ. Тэртээ 2008 оны сэтгүүл зүйн ангийнх нь найз, Ардын жүжигчин Чимэд-Осор гуайн хүү, сэтгүүлч судлаач Болд Д.Мишигсүрэн агсантай холбоотой дурсамждаа сургууль төгссөнөөс хойш дахин уулзалдаагүй ч гэлээ хэзээ ч дурсамжит агшнаас арилаагүй тийм эрхэм хүмүүний мөн чанарын тухай ойлголт хийгээд хүн татах олон сайн талууд нь өчнөөн жил өнгөрсөн ч мартагддаггүйн шалтгааныг өгүүлсэн нь номын баярын нэгэн сайхан шигтгээ болж үлдлээ.


Тэгвэл эдийн засаг, уул уурхайн “Эрдэс баялгийн тойм” сонины үүсгэн байгуулагч, Mongolia Mining Journal сэтгүүлийн эрхлэгч, хүүхдийн зохиолч Гонгорын хүү Идэрхангай сэтгүүлч: “2010 оноос эхлэн Д.Мишигсүрэнтэйгээ хамтран ажиллажээ. Уул уурхайтай хамгийн баян аймаг гэх боловч уурхайн үйл ажиллагаа эрчимжихийн хэрээр олон сөрөг үйл явдал бий болж, тэр бүхнийг маш соргогоор мэдэрч, уул уурхайн сэдвээр нухацтай  бичиж, Балга-Усны улаан нуураас эхлээд Тосон бумбын нурууны тухай олон даацтай бичвэр ирүүлдэг байсныг онгойлон дурсахад таатай байна. Миний аав хүүхдийн зохиолч Бумангийн Гонгор гэж хүн байлаа. Бас л цэл залуухнаараа хорвоогоос буцсан ч олон сайхан шүлэг бүтээлийг үр хүүхэд бид эмхэтгэн “Нар мандуулдаг шувууд” нэртэйгээр гаргасныг өнөөдөр халуун дулаан энергитэй Д.Мишигсүрэнгийнхээ “Бурхны шувуу” номтой нь уулзуулж байгаа нь хувь тавилан юм” гэж бэлгэшээн номоо гардууллаа.


Д.Мишигсүрэн агсан нийгмийн олон салбарт үр бүтээлтэй ажиллаж ирсэн бөгөөд утга зохиолоос гадна сэтгүүл зүй, эмэгтэйчүүдийн байгууллага зэрэг чухал салбаруудад хоёргүй сэтгэлээ зориулан манлайлан ажиллаж байсан юм. Улмаар номын баярт МСНЭ-ийн Өмнөговь салбар, Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Өмнөговь аймаг дахь салбар өөрийн төлөөлөгчөө ирүүлж, үр хүүхэд ар гэрт нь талархал гардуулан үйл хэргийг нь үргэлжлүүлэн явахыг амалсан юм.


 

“Амьдрал хатуу бас богинохон. Аливаа эрхэм хүн хорвоод ирээд буцахдаа өөрийн гэх өвийг үлдээгээд буцдаг юм байна. Хүмүүсийн дурсан ярьж байгаа шиг Мики минь хийж буй ажил үйлс бүхэндээ дулаан сэтгэлээр ханддаг байсан. Хүнтэй нөхөрлөхдөө, хүнийг хайрлахдаа ч тийм. Яг л түүн шигээ эх нутгийн төлөөх үйлсдээ ямар нэг дүр эсгэж үзээгүй. Харагдах гэж яваагүй. Ийм байвал зүгээр юм уу ч гэж бодоогүй. Харин үүнийг хийх ёстой юм байна гэж нөхдийн хамт зүтгэж л явсан. Байгаль эх дэлхийгээ бүрэн бүтэн байлгахын төлөөх хүсэл бол монгол хүн бүрийн тэр дундаа говийн хүний сэтгэлд хамгийн ойрхон байдаг зүйл юм. Тэр энэ бүхнийг хүмүүст ойлгуулах гэж хатуу чангаар орилж хашхирахаас илүүтэй зөв замаар, зөв өнцгөөс нь олон хүнд ойлгуулж байлаа. Олон асуудлыг эвийн замаар, хамтын зарчмаар шийдэж байсан эх оронч бүсгүй байсан гэдгийг хэлэх нь зүйтэй” хэмээн хос номын баярын ерөнхий ивээн тэтгэгч, “Эрхэт Монгол” группийн Ерөнхийлөгч Хархүүгийн Мандахбаяр ярьсан бол МЗЭ-ийн Өмнөговь салбарын тэргүүн Цээнзэнгийн Галбадрах: “76 жилийн түүхтэй Өмнөговийн утга зохиолын салбарын нэгэн цаг үеийг нэртэй төртэй удирдаж явсан Д.Мишигсүрэн агсны бүхий л үйл ажиллагааг тэр чигт нь үргэлжлүүлнэ. “Бие хэврэг, билиг мөнх” гэдэг шиг түүний бүтээл бүр нь алдаршин мөнхөрч үлдэг” хэмээгээд “Хармагтай яриа” нэвтрүүлэгт нь уригдахдаа өгөхөөр зэхсэн хармаг сондуулыг тойрон идээшилж буй зээрэн сүрэг бүхий гайхалтай хайчилбар урлагийн бүтээлээ ар гэрийнхэнд нь гардуулан өгөв.


 Д.Мишигсүрэн агсан 2010 онд “Эгшиглэнт говь-2010” яруу найргийн наадмын цомын эзэн, “Яргуй дэлгэрэх хавраар” хайрын шүлгийн наадмын тэргүүн байрын шагнал хүртэж байсан юм. Тэрбээр орон нутагтаа утга зохиолыг тасралтгүй хөгжүүлж, Өмнөговь аймагт утга зохиолын салбар үүсэж хөгжсөний 70 жилийн ой, говийн бүсийн аймгуудыг нэгтгэсэн “Говийн уянга” яруу найргийн наадам, уулзалт зэрэг томоохон үйл ажиллагааг зохион байгуулж, мөн жил бүр зохиодог уламжлалт наадмуудаа тасралтгүй хийж, аймгийн утга зохиолын салбараасаа Гомбын Сэр-Одын нэрэмжит 2, Утга зохиолын төлөөх 4, МЗЭ-ийн шагналт 3, Соёлын гавъяат зүтгэлтэн 1 төрүүлж говь нутгийн утга зохиолын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.


Мики минь

Мики минь ертөнцийн сайхан Мики минь

Мэнэрсэн шаргал говийнхоо ганцхан цагаан сувд минь

Хонгорын элсний алтан шаргал нурлага

Хорвоогийн цэнхэр өдрүүдийн зангирсан халуун нулимс минь

Байн байн сэтгэлд бодогдоод байдаг

Бадаг шүлгийн энхэрхэн садан минь

Зүйрлэх аргагүй зөөлөн дулаан сэтгэл

Зүмбэр мөнгөн уулсынхаа урьхан хонгор салхи минь

Аялгуут хонгор үрсийнхээ хайр энэрлийн дээд

Амраг сайхан түүний зүрхний баясгалан минь

Мики минь Мики минь ертөнцийн сайхан Мики минь

Мэнэрсэн шаргал говийнхоо ганцхан цагаан сувд минь

/2023.06.03. Интерном Номын их дэлгүүр. “Болор цом”-ын эзэн Норовын Гантулга/

Говь нутгийн эгэл жирийн нэг уран бүтээлч эмэгтэйн тухай өгүүлж байгаа мэт боловч  хүмүүний үнэн тод энэ мэт гэгээн мөрийг бусдад үргэлж сануулж байх нь бүх цаг үедээ бие биеэсээ сайныг үлгэрлэн амьдрахын мөн чанар ажээ. Цаг үргэлж бусдын төлөө гэсэн энэрэнгүй сэтгэлтэй, хийж бүтээхийн төлөөх уйгагүй зүтгэл, эх оронч үзэл суртлыг нэгмөсөн биедээ шингээсэн, хувирашгүй дайчин зориг, шударга хүмүүнлэг үйлс, хэзээд нөмөр нөөлөгтэй нинжин зан чанар гээд ийм том орон зайг үлдээгээд одсон учраас өнөөдөр тэр л хэвээр нэхэн үгүйлэгдсээр байгаа нь энэ юм байна. Олон хүний сэтгэл цэлмэж, цээж онгойлгосон хос номын нээлтээс тэмдэглэвэй...

СУРВАЛЖИЛСАН: С.ДЭЛГЭРЦЭЦЭГ  /УБ ХОТ. ИНТЕРНОМ/




Холбоотой мэдээ