ГОВЬ-АЛТАЙ: Цагдаагийн болон Цэргийн тангараг давтах ёслолын ажиллагаа боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-05-22 18:30:15

Есөнбулаг  /МОНЦАМЭ/.  Монголын цагдаа, Дотоодын цэргийн алба хаагчдын цог золбоо, сүлд хийморийн бэлгэ тэмдэг болсон Байлдааны туганд хүндэтгэл илэрхийлэх ёслолын үйл ажиллагаа Монгол Улсын баатар Магсарын Жанчивын талбайд ёслол төгөлдөр боллоо.


ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагчийн шийдвэрээр 21 аймаг, дүүргийн цагдаагийн газар, хэлтэс, Дотоодын цэргийн салбараар аялуулж, бие бүрэлдэхүүн хүндэтгэл илэрхийлэх, “Цагдаагийн болон Цэргийн тангараг” давтах ёслолын ажиллагаа ийнхүү 16 дахь аймаг болох Говь-Алтай аймагт тавдугаар сарын 22-нд боллоо. 


Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч Г.Чинбат албаны бусад хүмүүсийн хамтаар ёслолын ажиллагаанд оролцон нийт бие бүрэлдэхүүнд хүндэтгэл илэрхийллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ: 


"Цагдаа, дотоодын цэргийн бахархал үнэт зүйл болсон Цагдаагийн албаны болон Дотоодын цэргийн байлдааны тугийг Цагдаагийн газарт аялуулж, нийт бие бүрэлдэхүүн, ахмад ажилтнуудад хүндэтгэл илэрхийлэх, "Цагдаагийн болон Монгол Улсын цэргийн тангараг" давтах ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн та бүхэнд талархаж байна. Өсвөр үе залуучуудад тусгаар тогтнол,  үндэсний эв нэгдэл, эрх чөлөө, эрх чөлөөний үнэ цэнийг ойлгуулах, эх орон, монгол хүн болж төрснөөрөө бахархах, эх байгаль, түүх соёлоо хайрлан хамгаалах, эх оронч иргэнийг төлөвшүүлэхэд ач холбогдолтой сайхан үйл ажиллагаа болж байна. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байгаа ажлын багийн ахлагч Цагдаагийн эрхэм хурандаа М.Батсайхан, Бригадын генерал С.Ганбат танд болон баг хамт олонд талархаж буйгаа илэрхийлье" хэмээсэн юм.

Холбоотой мэдээ