Мөрдөн байцаагчид 70 жилийнхээ ойг зөвлөлгөөнөөр эхлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-09-09 09:59:48

Монгол Улсад Мөрдөн байцаах алба үүссэний 70 жилийн ойг улс даяар тэмдэглэж байна. Энэхүү ойгоо тус албаныхан баяр ёслолоос илүүтэй ажил хэрэгч зөвлөлгөөнөөр эхэлж байна.

Өчигдөр Өвөрхангай аймгийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах албаныхан олны анхаарлыг татсан Орхон голын бохирдол, хууль  бус ажиллагаанд дүгнэлт хийсэн зөвлөлгөөн хийсэн байна. Тухайлбал, Орхон гол нь ганц Өвөрхангай ч бус бусад найман аймаг, 53 сумын нутгийг дамждаг, байгаль орчны бохирдолоороо улсын хэмжээнд анхаарал татаад байна. Орхон голын бохирдлыг тогтоолгох, буруутныг хайхаар орон нутгийн иргэд цагдаагийн байгууллагад гомдол гаргадаг байна. Иргэдийн гомдлын дагуу мөрдөн байцаагчид эхлээд алтны компаниудын хууль зөрчсөн үйлдлүүдийн хохирлын үнэлгээг  мөрдөн байцаагчид хийлгэх гээд  мөнгөгүй болж, тухайн хэргийн шийдвэрлэлт удааширч, замхардгийг энэ үеэр хөнджээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд гэмт хэргийн үзлэг, хохирлын хэмжээг тогтоох хөрөнгийг улсын төсвөөс гаргана гэж тусгасан. Бодит амьдрал дээр хэргийн хохирлыг тогтоох, үнэлгээг гаргах хөрөнгийг УИХ, цагдаагийн байгууллагад суулгаж өгдөггүй. Энэ нь эргээд гарсан гэмт хэргийг шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тухай мөрдөн байцаагч нар ярилаа. Уул уурхайтай холбоотой байгаль сүйтгэгдсэн том хохиролтой хэргийн үнэлгээг тогтооход заавал 5-6 шинжээч ажиллах ёстой. Тэдэнд өгөх томилолтын мөнгө, ашиглах багаж, хэрэгсэл, бодис зэргийг тооцоод дунджаар нэг га талбайд 10 орчим сая төгрөг шаардагддаг байна.Орхон голын эхэд алт олборлодог хэд хэдэн компанид 2011 онд Мөрдөн байцаах газраас эрүүгийн хэрэг үүсгэж байсан ч өдий хүртэл эцэслэж чадаагүй явсаар байна.

Өнөөдөр Сүхбаатарын талбайд Мөрдөн байцаах албаны 70 жилийн ойд зорилсан ёслол болно.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ