Монтана “TikTok”-ийг хориглосон АНУ-ын анхны муж улс болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН. /Reuters/. Монтана муж улсын захирагч Грег Жанфорте Хятадын “TikTok” аппликейшнийг хориглох
тухай хуульд лхагва гарагт гарын үсэг зурснаар ийм шийдвэр гаргасан АНУ-ын анхны
муж улс боллоо.
“Монтаначуудын хувийн мэдээллийг Хятадын Коммунист намаас хамгаалахын тулд миний
бие “TikTok”-ийг хориглолоо” гэж Г.Жанфорте “Twitter” хуудсандаа мэдэгдсэн байна.
Хориг 2024 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ. Уг хуулиар аппликейшний дэлгүүрүүдийг /app store/ хэрэглэгчдэд “TikTok”-ийг татаж авахыг санал болгохыг хориглоно. Хэрэв дэлгүүрүүд хоригийг зөрчсөн тохиолдолд 10 мянган ам.доллар, мөн хоригийг үргэлжлүүлэн зөрчих өдөр бүрд 10 мянган ам.доллароор торгох юм байна.
“TikTok” аппликейшн нь АНУ-д 150 сая гаруй хэрэглэгчтэй юм. Монтана муж улсын хууль тогтоогчид “TikTok”-ийг хориглох саналыг дөрөвдүгээр сард дэмжжээ.
Хятад улс хэрэглэгчдийн мэдээлэлд нэвтрэх боломжтой байж болзошгүй гэх болгоомжлолтой холбоотойгоор АНУ тэргүүтэй хэд хэдэн улс орон “TikTok”-ийг Засгийн газрын төхөөрөмжүүдэд хэрэглэхийг хэдийнээ хориглоод байгаа юм.