Ж.Байден БНСУ, Японы удирдагчидтай гурван талын дээд хэмжээний уулзалт хийж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-05-18 10:05:58

ВАШИНГТОН. /Yonhap/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Японд болох “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр БНСУ, Японы удирдагчидтай гурван талын дээд хэмжээний уулзалт хийхийг хичээнэ гэж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан лхагва гарагт мэдэгдлээ.


Гэхдээ Ж.Байдены “шахуу хуваарийн” улмаас ямар нэгэн төлөвлөгөө хараахан гараагүй байгааг тэрбээр нэмж хэлжээ. Ж.Байден БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Ёог Ёль, Японы Ерөнхий сайд Кишида Фүмио нартай гурван талын уулзалт хийх төлөвтэй байгаа эсэх талаар асуухад Ж.Салливан, энэ бүхэн үндсэндээ төлөвлөгөөнөөс хамаарна гэж хариулсан байна.


“БНСУ, Японы хоёр талын харилцаа бэхжиж байгаа нь гурван талын харилцаа, хамтын ажиллагаа бэхжихийн үндэс суурь юм. Иймд шахуу хуваарьт цаг гаргаж чадвал гурван талын уулзалтыг хийхийг хичээнэ” гэж Ж.Салливан “Долоогийн бүлэг”-ийн уулзалт болох Японы Хирошима хотыг зорихынхоо өмнө сэтгүүлчдэд мэдээлжээ.


БНСУ нь “Долоогийн бүлэг”-ийн гишүүн биш хэдий ч зочин орны хувиар уригдаад байгаа юм. Энэхүү бүлгийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд гурван орны удирдагчид уулзах төлөвтэй байгаа талаар Сөүлийн холбогдох албаны төлөөлөгчид урьд нь мэдээлээд байсан билээ.


Ж.Салливаны хэлснээр, АНУ-ын тал хоёр гурван талын уулзалт хийх боломжтой эсэхийг тогтоохын тулд хуваариуд дээр ажиллаж байгаа бөгөөд одоогоор ямар нэгэн шийдвэрийн талаар батлан мэдэгдэх боломжгүй байгаа ажээ.


Юн Ёог Ёль өнгөрсөн сард К.Фүмиотой хоёр талын дээд хэмжээний уулзалт хийхээр Токио хотноо хүрэлцэн очсоноор Японд сүүлийн 12 жилийн хугацаанд ийм зорилгоор айлчилсан анхны БНСУ-ын Ерөнхийлөгч болсон юм. К.Фүмио мөн энэ сарын эхээр БНСУ-д айлчилснаар хоёр талын дээд хэмжээний уулзалт хийхээр Сөүлд сүүлийн 12 жилийн хугацаанд хүрэлцэн очсон анхны Японы удирдагч болсон билээ. 

Холбоотой мэдээ