ЗАВХАН: #Анзаар аянаар бүх талын хамтын оролцоог чухалчилна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-05-12 15:33:08

Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймагт энэ сарын 18, 19-ний өдрүүдэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх #АНЗААР аяныг эхлүүлнэ.


Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас санаачлан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зөрчилд өсвөр насны хүүхэд залуучуудыг холбогдохоос урьдчилан сэргийлэх.

Энэ төрлийн гэмт хэрэгтэй холбоотой иргэд олон нийтийн мэдлэг, ойлголт, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилготой аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байна.


Сүүлийн таван жилийн хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн 80 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.

Одоогоор энэ төрлийн гэмт хэрэг Завхан аймагт бүртгэгдээгүй байгаа ч энэхүү ажлын хүрээнд сумдад бүсчилсэн сургалтыг зохион байгуулна. Харин аймгийн төв Улиастай болон Тосонцэнгэл суманд аймаг сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, тус суманд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллүүдийг оролцуулж мэдээлэл өгнө.


Мөн үеэр "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, өсвөр насны хүүхэд залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах" сэдвээр сургалт, мэдээллийг өгөх юм.

Улсын хэмжээнд явуулж буй энэ аяны хүрээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээг нутаг дэвсгэрийн хэмжээнд таслан зогсоох. Сөрөг үр дагаврыг таниулан нөлөөллийн аргаар эрсдэлээс сэргийлэх олон талт ажлыг зохион байгуулах юм. Аянд төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгжүүдийг идэвхтэй хамрагдаж ирээдүй хойч үеэ хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, болзошгүй гэмт хэрэгт холбогдохоос хамтран сэргийлэхийг уриалж байна.


Гэмт хэргийн гаралт, тоо баримтын ардаас хөөцөлдөх бус түүнээс урьдчилан сэргийлж иргэд олон нийтэд зөв мэдээ, мэдээлэл хүргэх нь нэн чухал.

Энэ ажлыг үр дүнтэй зохион байгуулахад аймгийн Шүүх, прокурор, цагдаагийн байгууллага, нутгийн захиргааны байгууллагууд, ерөнхий боловсролын болон их дээд сургуулиуд, эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төв зэрэг бүх шатны байгууллагын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй юм.

Тиймээс та бүхнийг “АНЗААР” аянд нэгдэхийг уриалж байна гэж Завхан аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв.


 

Холбоотой мэдээ