АРХАНГАЙ: Р.Энхбаяр: Сурч, өвлөж авсан өв соёлоо уламжилж үлдээх нь нэр төрийн хэрэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-05-04 16:33:05

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Намайг Ренчинжагдагийн Энхбаяр гэдэг. Би Архангай аймгийн ХДТ-т хөгжимчнөөр ажиллаж байна. Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод 1986 онд төрж, өссөн. Тэндээсээ ЕБС-ийг төгсөн СУИС-д суралцсан. Ажлын гараагаа 2006-2010 он хүртэл Өвөрхангай аймгийн ХДТ-т хөгжимчнөөр ажиллаж байгаад 2017 оноос өнөөдрийг хүртэл Архангай аймгийн ХДТ-т ажиллаж байна гэж өөрийгөө танилцуулсан намхандуу, шар залууг өнөөдрийн ярилцлагадаа онцолж байна. Тэрбээр Архангай аймагт хөөмий болон шанаган хуурыг тоглож бусдад таниулан сурталчилж буй цорын ганц эрхэм, өвлөн уламжлагч юм.

  

-Та Архангай нутгийн хүргэн байх аа?

-Тийм ээ.  Миний хань Батбаатарын Нарангэрэл ХДТ-т менежер ажилтай.


-Одоо та ямар хуур тоглож байгаа вэ?

-Би шанаган хуураа л тоглож байна. Хүүхдүүдэд хичээл заахдаа морин хуураа тоглоно. Архангай нутгийн брэнд хөгжмийн зэмсэг болсон луу толгойтой, арслан, хун толгойтой шанаган хууруудыг барьж байна. Надаас гадна Од-Эрдэнэ гэдэг хөгжимчин байна. Бид хоёр л шанаган хуураа барьж байна даа.


-ХДТ-т хэдэн шанаган хуур байдаг вэ?

-Манайд 10 ширхэг шанаган хуур бий. Тус бүр эзэнтэй. Бүжигчдээс Анхбаяр, Баянмөнх, дуулаачийн ангиас Энх-Амгалан, Гочоо зэрэг уртын дуучид, гоцлол хөгжимчин Жаргалсайхан, Цэдэнчимэд хөгжмийн багш Нандинболор нар шанаган хуурыг тоглож сурч, суралцаж байна.


-Морин хуур, шаганан хуур хоёрын тоглох зарчим нь адил болов уу. Дуугаралтад ялгаа бий юу?

-Байлгүй яахав. Шанаган хуур нь уламжлалт талын буюу уртын болон ардын дуу, монголын хөгжмийн зохиолчдын хөгжмийн бүтээлийг тоглоход маш эвтэйхэн. Дуугаралт нь өтгөн, тослог байдаг. Морин хуур тарпизан цартай учраас хүний тахимд суулгахад маш амар. Шанаган хуур бөөрөнхий зуйвандуу учраас тахимаас мултрах, хавчсаар байгаад хөл нь чилэх, шөрмөс татах зэрэг явдал ихтэй. Тоглох арга барилаас илүү суулт барил нь ондоо. Ишний бүтэц нь ч өөр байгаа биз. Морин хуурыг бодвол хоёр чавхдас нь ишнээсээ хол зайтай. Урт хуруутай хүн шанаган хуурыг тоглоход их дөхөм байхаар бүтээгдсэн. Дээд нарийн өнгийг авахад их хэцүү. Морин хуурын дээд хэсэг нь тэгш учраас дээд өнгийг төвөггүй авдаг. Дугуй царны дээд хэсэг нь дугуйрч ирээд иш рүүгээ орсон байдаг учраас дээд өнгө авахад яалтчгүй шинэ барилд суралцдаг. Шанаган хуурыг тоглоход их чамин арга ажиллагаа шаардагддаг.


-Архангай нутгийн брэнд болсон энэ шанаган хууруудыг хөгжим судлаач, хуур урлаач, агсан Л.Дэмчиггарав гуайг зохиосон гэж би боддог?

-Дэмчиггарав гуайн зохиосон бүтээл бол биш юм. Харин одоогоос 350 гаруй жилийн өмнөх хөгжмийн зэмсгийг энэ цаг үед буулгаж, урлаж өгсөн нь түүний асар том гавьяа юм. Дэмчиггарав гуай бол өөрөө бүжгийн хүн. Өөрийн сонирхол хоббигоороо тэртээх олон зуун жилийн өмнөх гайхамшигтай хөгжмийг сурж, судлаад бидэнд өвлүүлж үлдээсэн нь гайхамшигтай. Манай ХДТ-т Дэмчиггарав гуайн бүтээсэн луут, арслан шанаган хуурууд бий. 2017 онд өөрөө хөгжмийн зэмсгийн бүтээлийн дээжээсээ өгч байлаа. Зая гэгээнтэн болон Ширээт гэгээнтний гэртээ залж байсан луут болон арслан хуурын хуулбар загвар юм. Бусад нь бол хөгжмийн зэмсэг үйлдвэрлэгчтэй гэрээ байгуулж, хийлгэсэн хуурууд бий. Тэдгээр нь орчин үеийн мэргэжлийн дуугаралттай.


Төв халхад байсан хутагтууд өргөөндөө ямар нэг хуур залдаг байсан байгаа юм. Халхын Зая гэгээнтэн өргөөндөө арслан хуурыг залж байсан түүхтэй. Чулуутын Ширээт гэгээнтэн миний энэ барьж байгаа луут хуурыг залж байсан байгаа юм. “Хөгийн ногоон” гэдэг нэртэй. Ялгасан гэгээн гэхэд л матар хуурыг залдаг байсан гэх мэт хийц загвар нь адил хэрнээ толгой нь өөр өөр хуурууд байсан. Манай аймгийн музейд миний барьж байгаа луут хуурын эх хувь нь хадгалагдаж байдаг. Мөн арслан хуурын эх хувь нь Эрдэнэбулган сумын 6-р баг буюу Хоршоололд Зая гэгээнтний хуурч Намжил гэдгийн 4 дэх үед хадгалагдаж байгаа. Мөн Хотонт суманд матар хуур эх хувиараа залагдаж, үе уламжлагдаад явж байна.


-Таныг хөөмийн урлагийн өв тээгч гэж бүртгэсэн байсан. Хэрхэн сурч мэдэв?

-Хөөмийг Ховд аймгийн Еэвэн голоос гаралтай гэдэг домог бий. Би арван жилдээ морин хуураар хичээллэдэг байхдаа хархираа хөөмийг оролддог байлаа. СУИС-д ардын хөгжмийн ангид орсон. Ховд аймгийн харьяат Монгол Улсын гавьяат багш Одсүрэн хөөмийний мэргэжлийн ангийг төгсгөхөөр анхны ангидаа 9 оюутан авсан байдаг. Би тэр ангид нь багтаагүй л дээ. Одсүрэн багшаас би зөвлөгөө л авсан. Ер нь бол шавь сургалтаар гэсэн үг.


Монгол хөөмийн дөрвөн техник байдаг. Хэл, тагнай яаж байрлах вэ, зөв амьсгаа дээрээс дээш яаж шахах вэ, нармай руу яаж оруулах вэ гээд л энэ техникүүдийг яриулж заалгасан. Түүнээс хойш оролдсоор сурсан. Сурсан гэхээсээ илүү сурж л явна даа. Манай төв халхын хөөмийн арга барил бас ондоо. Энэ ялгаатай байдалд хүний биологийн бүтэц, яс үндэс, байгаль, цаг уурын байдал ч нөлөөлдөг байх гэж боддог. Хөөмий нь Тува, Увс, Ховд, Говь-Алтай чиглэлд маш сайн хөгжсөн байдаг. Сайхан хөөмийлдөг хүмүүс ч бий. Дараа нь төв халх орж ирнэ дээ. Өндөр хамартай, тагнай гүнзгий бол хөөмийг сурах магадлал өндөртэй. Гол нь хамар хоолойн өвчингүй, хамраа гэмтээж байгаагүй бол хөөмийлөх бүрэн боломжтой. 2009 онд мэргэжлийн хөөмийгөөр 9 хүн төгссөн. Үүний 50 хувь нь төв халхынхан байгаа юм. Тэгэхээр Архангай, Өвөрхангай зэрэг өндөр уулархаг газар төрж, өссөн хүмүүс хөөмийлөх магадлал өндөртэй. Зөвхөн баруун монголчууд хөөмийлдөг гэдэг ойлголт өрөөсгөл ойлголт гэж боддог.


Яаж өвлөн уламжлагч болсон юм гэхээр Өвөрхангай аймагт байхдаа морин хуур хөгжмийг СУИС-д биш хүүхэд байхдаа гэр, шавь сургалтаар сурч байсан. ЮНЕСКО-гоос зохион байгуулдаг өв тээгч нарын уралдаан тэмцээнд багштайгаа их ордог байлаа. Тэр үеэс өв тээгчдийн гэр бүлд орж ирсэн л дээ. Дараа нь Архангай аймагт “Нүүдэлчин 2022” наадамд явж байхдаа “хэдий ажлаа хийж явж байгаа ч гэсэн уг гарвалдаа би өвлөн тээгч юм шүү” гэдгээ хэлсэн. Морин хуур, хөөмий, шашны зан үйлийн ч юм байна гэж... Түүнээс хойш намайг Архангай дахь өвлөн уламжлагч хэмээн нэмж бүртгэсэн нь тэр юм. Маш их баяртай байдаг. Хүн хүнээс юм өвлөж, авч болно. Түүнийгээ уламжлуулан үлдээнэ гэдэг бол асар их нэр төр, хариуцлага юм даа.

Шавь, гэр сургалтаар сурч байгаа тохиолдолд багш яаж тоглодог яг л түүгээр нь сурах ёстой болно. Ямар нэг маяг нэмэхгүй, хасахгүй. Үүнийг л уламжилж сурч байнаа гэж ойлгож болно. Танхимын сургалт бол нотоор явдаг шүү дээ.


-Таны хувьд хөөмийг багшаасаа сурч уламжилж авчээ. Аав, ээж, эмээ өвөөгийн талаасаа удам бий юу?

-Манай ээжийн аав их анч хүн байсан. Бага эмч мэргэжилтэй. Хуучир их тоглодог байсан байгаа юм. Өөрөө ч хийчихдэг, бас уртын дуу ч дуулчихдаг байсан. Урлаг уран сайханд дуртай. Их нарийн хоолойтой байсан гэдэг. Ийм хоолойтой хүний удам би учраас бас хөөмий рүү орсон байх магадлалтай юм.

Манай аавын талын хүмүүс жолооч, бас их дуулдаг хүмүүс байсан. Аав маань төрсөн дүүтэйгээ 1986 онд бүх ард түмний урлагийн үзлэгт оролцоод медаль авч байсан, ах дүү хоёр дуучин гээд л их л хүндлэгдсэн гэдэг.


-Манай аймагт хөөмийлдөг өөр хүн бий юу?

-Би Архангайд ирээд 5-6 жил ажиллаж байна. Хөөмий дуугаргаж байгаа хүн өөр байхгүй. Сонирхдог хүмүүс байдаг эсэхийг мэдэхгүй байна. Энэ талаар судалгаа хийх гэхээр ажлын цаг зав болж өгөхгүй л байна. Судалгаа хийгээд сонирхдог хүмүүсийг гэр сургалтаар аваад хөөмий заавал өвлөн уламжлагчид маань илүү сайн сурах байх гэж боддог.


-Тийм шүү. Та Архангайд байгаа цорын ганц хөөмий ч юм байна. Тэгэхээр энэ хөөмийн урлаг өв соёлыг энэ нутагт нь үлдээх арга нь шавь төрүүлэх л ажил байна даа?

-Тийм шүү. Энэ тал дээр бас санаагаа чилээж л байна. Өөрөөсөө уламжлуулаад үлдээе гэсэн сэтгэл байна. Бид чинь дандаа л яаруу ажилтай явдаг юм. Хөдөө явж байхдаа хөөмийг сонирхдог хүн байна уу гэж асууж сурна. Байгаа гэдэг ч уулзчихаад явах завгүй болчихно. Тохироо нь бүрдэж өгөхгүй л зөрөлдөөд байгаа /инээв/.


-Та сая хөөмийн ямар аялгууг аялав?

-Монгол хөөмийн 4 төрлөөс бүтсэн монгол хөөмийн хэлхээ аялгуу байлаа. Монгол хөөмийд хархираа нь ийм бүдүүн дуугардаг, шахаа бол нармайгаар дуугардаг, холбоож гэдэг нь хархираа шахаа хоёрыг ингэж холбодог юм байна, нарийн хөөмийг исгэрээ гэдэг юм байна гэдгийг нэг дор ялгаж, сонсгох гэсэн арга юм. Энэ нь монгол хөөмийн брэнд аялгуу юм л даа.


-Таныг бас Архангайн тодотголтой уртын дуунуудыг сэргээх тал дээр судалгаа хийдэг сонссон?

-Архангайгаас гаралтай уртын дууг судална. Ийм нэг настай хүнд ийм уртын дуу байна шүү, уламжилж авч үлдэхгүй бол болохгүй боллоо гээд л, алийг нь сэргээх вэ гэж уртын дуучидтайгаа ярилцана.


-Одоогоор авч үлдсэн уртын болон ардын дуу байна уу?

-Манай Буяндэлгэр, Энх-Амгалан гээд хоёр дуучин бий. Энэ хоёр дуучин маань Чулуутын “Хөөрхөн шарга” дууг уламжилж авч үлдэхээр ажиллаж байна. Мөн Батцэнгэл сумаас “Тоглоот талын бараа”, “Баруухнаа өндөр” зэрэг дууг сэргээж дуулахаар ажиллаж байна. Удахгүй тайзан дээр дуулагдана байх. Өөр судлаад гаргачих уртын болон ардын дуунууд юу байна, энэ бүхнийг одооноос л судалж, өвлөж авч үлдэхгүй бол өнөөгийн энэ нийгмийн шуурганд дарагдах нь амархан байгаа юм. Өөрсдөө л ардын өв соёлоо эрж хайж, тэмцэж, өвлөж авч үлдэхгүй бол болохгүй болчихоод байгаа цаг үе тулаад байна. Үндэсний өв соёл гэдэг зүйл чинь Монголд үндэстний хамгийн чухал дархлаа юм шүү дээ. 


-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

Холбоотой мэдээ