ГОВЬ-АЛТАЙ: Жимс, жимсгэний нэр төрөл болон тариалах талбайг нэмэгдүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-05-02 10:37:53

Есөнбулаг /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн газар тариалан эрхлэгчдийн зөвлөгөөн тавдугаар сарын 1-нд Алтай хотноо боллоо. 

Энэхүү зөвлөгөөнөөр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Газар тариалан, жимс жимсгэнэ” төслийн талаар газар тариалан эрхлэгчдэд хүргэх, цаашдын хөгжил дэвшлийг тодорхойлох, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцжээ. Мөн үеэр холбогдох албанаас газар тариалангийн салбарт Засгийн газраас авч хэрэгжүүлж буй ажил, цаашдын зорилт, хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг дэмжих, аймгийн бодлого чиглэл, Шинэ сэргэлтийн бодлого, аймгийн ХАА-н салбарын өнөөгийн байдал, зорилт, "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн зэрэг сэдвээр газар тариалан эрхлэгчдэд мэдээлэл өгч, сургалт мэдээлэл хийсэн юм.


2022 онд Говь-Алтай аймгийн тариаланчид 1812 га-аас 3070 тонн ургац хураан авчээ. Харин энэ онд 1450 га-д тариалалт хийхээр төлөвлөсөн ба 30 орчим хувь нь тэжээлийн ургамал бусад нь төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах аж. Сүүлийн жилүүдэд жимс, жимсгэний нэр төрлүүдийг олшруулахад аймаг болон харьяа газраас ихээхэн анхаарч байгаа юм. Ялангуяа бэсрэг алим, торниун алим, чавга, үхрийн нүд, бөөрөлзгөнө, интоор, чацаргана зэргийг тариалж байна. Сүүлийн хоёр жил жимс, жимсгэний талбайг 45 га-аар нэмэгдүүлсэн, ингэхдээ чацарганаас өөр жимсийг суулгажээ.


Зөвлөгөөнд тус ХХААГ-ын мэргэжилтнүүд, 18 сумын газар тариалан эрхлэгч иргэд, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл нийт 150 гаруй хүн оролцож байна.


Холбоотой мэдээ