ЭТТ ХК: Биржээр нийт 740 мянган тонн нүүрс арилжжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-04-28 13:20:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал өнөөдөр болж, Монгол Улсын иргэн бүрд ногдох тус компанийн 1072 хувьцааны ногдол ашгийг тараах эсэхийг энэ оны 10 дугаар сард шийдэхээр боллоо.


Энэ талаар тус компанид Засгийн газраас ажиллаж буй Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат мэдээллээ. Тэрбээр хэлэхдээ, “Эрдэнэс Тавантолгой” ХК 2022 онд 1.3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан талаар ТУЗ-д танилцуулсан. Онцгой дэглэмийн хугацааг УИХ-аас зургаан сараар сунгасан.


ЭТТ: Компанийн хэвийн үйл ажиллагааг бүрэн хангасны дараа ногдол ашгийг хуваарилахыг шийдвэрлэнэ.


Тиймээс санхүүгийн болон уурхайн хэвийн үйл ажиллагааг тогтворжуулах, биржээр нүүрсээ арилжих үйл ажиллагааг тогтмолжуулж, компанийн хэвийн үйл ажиллагааг хангасны дараа ногдол ашгийг хуваарилахыг шийдвэрлэх нь зүйтэй гэдэг талаар ТУЗ-д яригдсаныг тодотголоо


Он гарснаас хойш биржээр 7 удаагийн цахим арилжаа явагдаж, ЭТТ ХК нийт 740 мянган тонн нүүрс арилжаад буйг тэрбээр мэдээлсэн юм. Энэ нь хамгийн сайн чанарын коксжсон нүүрс бөгөөд нэг тонныг нь 178.6-182.1 ам.доллароор борлуулжээ. 

 

ЭТТ ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг төрийн өмчит уул уурхайн компаниудын нэгдэл болох “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт даргалж, ЭТТ ХК-ийн ТУЗ-ийн хараат бус шинэ гишүүнээр сонгоод буй хүмүүсийг хурлын үеэр танилцуулсан юм. Шинээр “Мобиком” болон “Скайтел” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Болор, Улаанбаатар хотын Худалдааны танхимын гүйцэтгэх захирал, эдийн засагч Б.Хаш-Эрдэнэ болон санхүүч Б.Бат-Эрдэнэ, олон улсын болон нийтийн эрх зүйч Х.Баасанхүү нарыг сонгоод байна. 

Холбоотой мэдээ