АНЭУ-ын сансрын аппарат Ангарагийн сарны нарийвчилсан зургийг авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2023-04-25 17:00:41

АБУ-ДАБИ. /AFP/. АНЭУ-ын Al-Amal сансрын аппарат Ангараг гаргийн жижиг сар болох Деймосын зургийг урьд өмнө байгаагүйгээр нарийвчлалтай авсан нь овон товон бүхий гадаргуутай, нууцлаг дагуулын гарал үүслийн талаарх судалгаанд шинэ нээлтийг авчирч магадгүй байна. 


Арабын ертөнцийн анхны гараг хоорондын судалгааны аппарат нь Ангарагийг хоёр жилийн турш тойрон эргэж байгаа бөгөөд Деймос болон том сар Фобосынх нь хажуугаар тогтмол нисэн өнгөрч байгаа юм.


Al-Amal Деймост 110 км-ийн зайд ойртсон гэж Эмиратын Ангарагийг судлах баг мэдээлжээ. Деймос нь ердөө 12 км-ийн өргөн бүхий шош шиг хэлбэртэй чулуурхаг биет юм.


Al-Amal” буюу араб хэлээр “Итгэл найдвар” хэмээн нэрлэсэн аппарат хэт улаан туяаны болон хэт ягаан туяаны диапазоны долгионы уртыг хэмжих төхөөрөмжүүдийнхээ тусламжтайгаар авсан уг сарны хамгийн нарийвчилсан зургууд болон ажиглалтын мэдээллийг Дэлхий рүү илгээжээ. Түүнчлэн анх удаа уг сарны нөгөө талыг ажигласнаар огт судлагдаж байгаагүй хэсгийг нь нээсэн байна.


Ингэснээр өвөрмөц сарнууд Ангарагийн тойрог замд хэрхэн орсон талаар шинэ мэтгэлцээнийг үүсгэж магадгүй байна. “Бид Фобос, Деймос хоёрын гарал үүсэлд эргэлзэж эхэлж байна” гэж судалгааны багийн ахлагч Хесса Аль Матруши хэлжээ.


Үндсэн онолуудын нэгээр бол, хоёр сарыг Ангарагийн хажуугаар өнгөрөх үедээ тойрог замд гэнэт орсон солирууд гэж үздэг байна. Гэхдээ Х.Матрушигийн ярьснаар, Деймост одоогоор хийгээд буй ажиглалт нь түүнийг Ангараг гаргаас үүсэлтэй байж болохыг харуулж байна.


Судалгааны аппаратын шинжлэх ухааны хэрэгслүүдийн нэгийг хариуцдаг эрдэмтэн Кристофер Эдвардсын хэлснээр, дагуулуудын аль аль нь солироос илүүтэй Ангарагтай төстэй хэт улаан туяаны шинж чанартай байгаа юм байна. Энэ нь чулуурхаг биетүүд нэгэн цагт Ангарагийн нэг хэсэг байсан бөгөөд хүчтэй нөлөөгөөр түүнээс тасран салж тойрог замд нь орсон байж болзошгүй гэсэн үг аж.


Даалгаврын үргэлжлэх хугацааг сунгажээ

АНЭУ-ын Ерөнхий сайд Мохаммед бин Рашид Аль Мактум “Twitter” хуудсандаа, судалгааны аппарат нь сар нэгэн цагт солир байсан гэх онолыг “няцааж”, “олон сая жилийн өмнө Ангарагаас салсан нэг хэсэг” байсныг харууллаа хэмээн бичжээ.


АНЭУ-ын Сансар судлалын агентлаг судалгааны аппаратын даалгавраа гүйцэтгэх хугацааг дахин нэг жилээр сунгаж байгаагаа мөн мэдэгджээ. Тухайн хугацаанд Al-Amal” Деймосын хажуугаар нисэж, илүү их мэдээллийг цуглуулах юм.


Дэлхийгээс 2020 онд хөөргөж, улмаар 2021 онд Ангарагийн тойрог замд орсон энэхүү аппарат нь Улаан нүдэн гаргийн агаар мандлын иж бүрэн зургийг гаргахын тулд уг гаргийг судалж буй бусад төхөөрөмжүүдтэй харьцуулахад илүү холуур тойрон эргэж байгаа юм. Ингэснээр Деймосыг урьд хожид үзэгдэж байгаагүй өнцгөөс харахаас гадна, Улаан нүдэн гаргийг 23 мянга гаруй км зайд тойрон эргэдэг уг дагуулд илүү ойртох боломж бүрддэг байна.


АНЭУ мөн манай гаргийн дагуул Саран дээр судалгааны аппаратаа ирэх жил буулгахаар төлөвлөж байгаа ажээ.

Холбоотой мэдээ