ДАРХАН-УУЛ: Цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил 90 хувьтай үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-04-24 16:59:06

Дархан /МОНЦАМЭ/. "Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах МОН3244/3245 төсөл" 2018 онд эхэлсэн. Уг төсөл 2020 оны зургаадугаар сарын 30-нд дуусахаар гэрээ хийгдсэн ч тухайн үед олон улсын тендерээр шалгарсан Пфайфер компани дампуурч, татан буугдсанаар барилгын ажил зогсож хугацаандаа ашиглалтад орох боломжгүй болсон. Харин дахин тендер шалгаруулалт зохион байгуулж “Байгууламж” ХХК шалгарч өнгөрсөн оны аравдугаар сарын 27-ноос төслийн байгууламжуудын бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэн хийж байна.


Төлөвлөгдсөн хугацаанаас гурван жилээр хоцорч буй төслийн ажлыг эрчимжүүлж, гүйцэтгэлийг одоо үргэлжлүүлэн хийж буй ААН-ийн удирдлагатай аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан тэргүүтэй албаны хүмүүс уулзаж, төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа, төслийн явцтай газар дээр очиж танилцлаа.


Төслийн ажлын явц 90 хувьтай бөгөөд 12 дугаар сард зүгшрүүлэлт туршилтын ажил хийж, хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна гэж гүйцэтгэх компанийн төлөөлөл мэдэгдэв. Өмнөх гүйцэтгэгч компани тоног төхөөрөмжөө 82 хувийн гүйцэтгэлтэй нийлүүлсэн аж. Үлдэгдэл тоног төхөөрөмж, технологийн шугамуудыг “Байгууламж” ХХК татан авч ажлаа үргэлжлүүлж байна.


Монгол Улсад хэрэгжиж буй төв цэвэрлэх байгууламжийн төслүүдийн хувьд метатинк буюу бохир лагаас гарч буй хийг хуримтлуулан авч, буцаад дулаан болон цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой технологийн шийдлийг ашиглаж буй жишээ байхгүй. Орчин үеийн технологийн шийдэлтэй тоног төхөөрөмж суурилуулж буй уг төсөл дуусч  ашиглалтад ороход тоног төхөөрөмж ажиллах мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай аж.


Тодруулбал дэлхийн хөгжилтэй улс орнуудад хэрэгждэг технологийн шийдлийг ашиглахын тулд мэргэжилтэй боловсон хүчний асуудал тулгардаг. Үүнийг хэрхэн шийдвэрлэх талаар захиалагч, гүйцэтгэгч, төслийн нэгжийн төлөөллүүд ярилцлаа.

Дархан хотын Төв цэвэрлэх байгууламжийг 1965 онд барьсан. Механик цэвэрлэгээний процесстой ажиллаж, улмаар 1998 онд анх биологийн цэвэрлэгээ буюу хоёр шат дамжлагатайгаар бохир усыг цэвэршүүлэн ажиллаж эхэлжээ.



ОХУ-ын хуучирсан тоног төхөөрөмжүүдийг ашигладаг. Хоногт 50 мянган шоо метр усыг цэвэршүүлэх хүчин чадалтай ажиллаж байсан боловч Дархан-Уул аймагт томоохон ус хэрэглэгч ААНБ-ууд татан буугдсантай холбоотойгоор хоногт 6-8 мянган шоо метр ус татан зайлуулж цэвэршүүлж байна. Энэ процесс маш удаан явагдсанаар үргүй зардлууд нэмэгдэж, "Дархан-Ус" суваг ХХК-ийн санхүүгийн байдалд сөргөөр нөлөөлж буй талаар дэд захирал Т.Буяндэлгэр ярьж байна. Мөн Оросын тоног төхөөрөмжүүдийн сэлбэг, материалуудын олдоц муу, дахиж үйлдвэрлэхгүй байх зэрэг олон зүйлээс үүдэн төсөл хэрэгжүүлэх гол шалтгаан нөхцөл болсон ажээ.

                                                                                                       

Холбоотой мэдээ