Баянгол Эрүүл мэндийн төв гүйцэтгэлийн санхүүжилтээр засвар хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2023-04-17 15:33:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв 1-4 дүгээр давхартаа бүрэн засвар хийн тохижуулж, үйл ажиллагаагаа өргөжүүлжээ.


Ингэснээр эмнэлгээр үйлчлүүлэх орчин нөхцөл сайжирч, иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх, тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх боломж бүрдэж буй юм.


Энэ тухай Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар хэлэхдээ, “2021 оноос эмнэлгийн байгууллагууд гүйцэтгэлийн санхүүжилттэй ажиллаж байна. Үүний үр дүнд зайлшгүй шаардлагатай хөрөнгө оруулалтаа өөрсдөө зохион байгуулах боломж бүрдсэн. Энэ удаад Баянгол Эрүүл мэндийн төвийн угтах үйлчилгээний хэсэг, Яаралтай тусламж болон Эрчимт эмчилгээний тасгийг орчин үеийн стандартаар бүрэн тохижууллаа. Ингэснээр Яаралтай тусламжийн тасагт өдөрт 4 хүн хэвтэн эмчлүүлдэг байсан бол одоо нэг дор найман хүн хүлээн авах хүчин чадалтай болж байна” гэв.

Баянгол Эрүүл мэндийн төвийн Яаралтай тусламжийн тасгаар өдөрт 40-50 хүн үйлчлүүлдэг. Үүнээс дийлэнх хувийг архины хордлого, харвалт, зүрхний шигдээс оноштой хүмүүс эзэлдэг байна.


2014 онд байгуулагдсан тус төв 9 жилийн дараа ийнхүү засвар үйлчилгээ хийж буйг Бодлого төлөвлөлт, үйл ажиллагаа хариуцсан орлогч дарга Д.Өлзийсайхан тодотгов.     

Тэрбээр, “Хүн амын тоогоор гуравдугаарт ордог дүүргийн хувьд манай төв иргэдэд амбулаторийн болон хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээг үзүүлж байна. Амбулаториор өдөрт 1200-1500 хүн үйлчлүүлдэг. Хэвтэн эмчлүүлэх тасагт 446 ортой, хүлээгдэл нэлээн ихтэй, ачаалалтай ажилладаг. Нийт 416 ажилтантай, 100 гаруй эмч, 100 гаруй сувилагчтай” гэв.


Түүнчлэн тус эрүүл мэндийн төв ирэх сард компьютер томографийн аппарат суурилуулахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа аж.







Холбоотой мэдээ