ДОРНОГОВЬ: Хил хамгаалалтад туслах хүчний нэгдсэн зөвлөгөөн болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-04-06 12:17:37

Сайншанд /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн “Хил хамгаалалтад туслах хүчний нэгдсэн зөвлөгөөн-2023” Замын-Үүд суманд өнөөдөр болж байна.

Зөвлөгөөнөөр аймгийн хил хамгаалалтад туслах хүчний ажил, улсын хил хамгаалалт, хилийн боомтын аюулгүй байдал болон бусад асуудлаар хэлэлцэж байна. Зөвлөгөөнд хил хамгаалахад туслах хүчний гишүүд болон хил дагуух сумдын Засаг дарга нар, хилийн цэргийн анги нэгтгэлийн алба хаагчид оролцож буй.

Дорноговь аймаг Эрдэнэ, Өргөн, Замын-Үүд, Улаанбадрах, Хөвсгөл, Хатанбулаг сумын нутгаар БНХАУ-тай хиллэдэг бөгөөд тухайн сумдын малчин иргэд  хил хамгаалах үйлсэд оролцдог онцлогтой. 

Хил хамгаалалтад туслах хүчний орон тооны бус зөвлөлийн гишүүд цэргийн гавьяаны одонт хилийн цэргийн 0108 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцаж, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, цэргийн шинжлэх ухааны доктор, профессор дэслэгч генерал Шавийн Арвайн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийлжээ.

Энэ үеэр гар бөмбөгийн тэмцээн, Нээлттэй хаалганы өдөрлөг, хилийн цэргийн алба хаагчдыг ар гэртэй нь уулзуулах, хилийн цэргийн 0108, 0129, 0168 ангийн хамтарсан урлагийн тоглолт болж байна.

Холбоотой мэдээ