ЗАВХАН: Хачигт халдвараас сэргийлээрэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-04-05 16:25:24

Улиастай/МОНЦАМЭ/. Хачгаар дамжих халдвар нь дамжуулагч хачгийн идэвхтэй үетэй давхцан 4-10 дугаар сарын турш бүртгэгддэг. Хачигны идэвхжилтийн үе эхэлж байгаатай холбоотой хачигаар дамжин халдварладаг байгалийн голомтот хурц халдварт өвчний талаар болон халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх мэдээллийг Завхан аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс тодрууллаа.

Хачгаар дамжих халдвар нь дамжуулагч хачгийн идэвхтэй үетэй давхцан яг одоо эхэлж байгаа. Тиймээс урьдчилан сэргийлэх, тандалт, сургалт сурталчилгааны ажлыг манай төвөөс сүүлийн хоёр жил эрчимтэй хийж эхэлсэн.


Завхан аймгийн хувьд ойт хээрийн бүс бүслүүрийн Тосонцэнгэл, Тэлмэн, Идэр сумын нутаг хачгаар дамжих халдварын байгалийн голомттой. Энэ бүсэд хачигт риккетсиоз, хачигт боррелиозын хүний өвчлөл бүртгэгдсэн.

Хээрийн бүс бүслүүрийн Асгат, Баянхайрхан сумын нутагт байгалийн голомтын судалгаа, шинжилгээг хийсэн. Мөн голомттой. Яруу, Эрдэнэхайрхан, Завханмандал, Ургамал, Дөрвөлжин сумдын нутаг дэвсгэрт хачгаар дамжих халдварын байгалийн голомттой.  Завхан гол орчимд хачгийн нягтаршил өндөр.  

Тиймээс эдгээр нутгийн хүн амд урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааг давтан зохион байгуулахаар ажиллаж байна. 



Завхан аймагт өнгөрсөн жил нийт 96 хүн хачигт хазуулж эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлсэн байна. Жил ирэх тусам хачигт хазуулж эмнэлэгт хандсан иргэдийн тоо нэмэгдэж байгаа. Зөвхөн эмнэлэгт хандаж шинжилгээ өгсөн нь 96 хүн байна. Эмнэлэгт хандаагүй хэдэн хүн байгааг мэдэхгүй байна. Гэхдээ хазуулсан хүн олон бий байх. Эмнэлэгт хандсан тоо жил бүр нэмэгдэж байгаа учраас тэр юм. Тиймээс хачигт хазуулсан бол заавал эмнэлэгт хандахыг иргэдэд зөвлөж байна. Одоогоор хачигт хазуулсан хүн бүртгэгдээгүй байна.  


Хачигт хазуулснаар толгой өвдөх, биеэр тууралт гарах, халуурах, үе мөч, булчин өвдөх, тунгалгийн булчирхай үрэвсэх, захын мэдрэл үрэвсэх зэрэг 10 гаруй шинж тэмдэг илэрдэг. Хачигт хазуулснаас хойш 1-30 хоногийн дотор дээрх шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн төвд хандахаас гадна Ixodes persulcatus хачгийн тархалт ихтэй хачигт энцефалитийн голомттой бүс нутагт амьдардаг бол тухайн өвчний вакцин хийлгэх зайлшгүй шаардлагатай гэдгийг иргэдэд мэргэжлийн байгууллага зөвлөж байна.

Ташрамд Завхан аймагт мэргэжлийн байгууллагын хийсэн судалгаагаар энэ халдварыг дамжуулагч хачиг Ixodes persulcatus хачиг болон голомт одоогоор тэмдэглэгдээгүй байгаа аж.



Хачгийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд уул хаданд ажлаар болон зугаалгаар явахдаа өндөр ургамал мод бутнаас зайдуу явах, хачиг ялгарч харагдахаар тод цайвар өнгийн битүү хувцас өмсөх, гутал хувцас руугаа хачиг дайжуулагч цацах, малын ноолуур, ноос авах үедээ хоёр цаг тутамд хачиг биедээ байгаа эсэхийг тогтмол шалгах хэрэгтэй юм.

Хачгаар дамжих халдварын байгалийн голомтын идэвхжил, хачгаар дамжих халдварт өвчний улирал эхэлж байгаатай холбогдуулан хүн амд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, сургалт, сурталчилгаа, хүний өвчний сэжигтэй тохиолдлыг мэдээлэх. Хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллах тухай зөвлөмжийг эрүүл мэндийн төвүүдэд манай төвөөс хүргүүлсэн. Түүнчлэн голомтот сумдын малчид гадна шимэгчдээс (эктопаразит) хамгаалах бэлдмэлийг мал сүрэгтээ хэрэглэснээр малд ассан хачгийн тоо буурсан нь өнгөрсөн жилийн судалгааны үеэр ажиглагдаж байсан. Тиймээс хачгаар дамжих халдварын улиралчил эхэлсэнтэй холбогдуулж голомтот нутгийн иргэд болон хөдөө орон нутагт зорчиж буй иргэдэд хачигт хазуулахаас урьдчилан сэрэмжүүлж байна гэж Зоонозын өвчин судлалын төвөөс мэдээлэв.  


-Хачигт хазуулсан, хачиг наалдсан тохиолдолд эмнэлэг ойр байхгүй бол яах вэ?

-Хувцас, биед наалдсан, шигдсэн хачгийн хошууг үлдээхгүй авах хэрэгтэй. Хачгийг авах аргын дагуу зөв авч салгасан хачгийг тагтай саванд хийж дагалдах бичгийн хамт Зоонозын өвчин судлалын төвд хүргүүлэх ёстой. Мөн сумын эрүүл мэндийн төвүүдэд хачигт халдварын сэжигтэй тохиолдлын урьдчилсан оношийг тодорхой гаргаж мэдээлэх.

Хачгаар дамжих халдварт өвчний тархвар судалгааны хуудсыг бүрэн гаргацтай бичих. Лабораторийн шинжилгээнд сорьц дээжлэхдээ Эрүүл мэндийн сайдын 2017 оны A/160 дугаар тушаалын “Хачгаар дамжих халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн заавар“-ын 1.8, 2.7, 3.7 заалтуудыг баримтлан  анхан цусны ийлдсийг хачигт хазуулснаас хойш 10-14 хоногт, давтан цусны ийлдсийг анхан цусны ийлдсийг авсан өдрөөс хойш 14-21 хоногт Зоонозын өвчин судлалын төвд хүргүүлэх. Хачигт халдварын сэжигтэй тохиолдлыг Зоонозын өвчин судлалын төвийн 70462432утсанд яаралтай мэдээлэхийг зөвлөж байна.

Хачигт хазуулахгүй байх зөвлөгөө:

-Халдварын голомттой газраар явахдаа тод өнгийн, битүү хувцас өмсөж, гар хөлөө ил гаргахгүй байхыг зөвлөж байна.

Мөн хачгийн голомттой бүсэд ажиллаж байгаа тохиолдолд гурваас дөрвөн цаг тутамд биеэ шалгаж хачгийг зайлуулах. Хачиг үргээгч бэлдмэлийг үйлдвэрлэгчийн заавраар хэрэглэх. Биед шигдсэн хачгийн хошууг арьсанд үлдээхгүйн тулд ганхуулж, болгоомжтой сугалан авах. Хачигт халдварын эрсдэл бүхий голомтот нутагт зорчихдоо хачигт энцефалитаас сэргийлэх дархлаажуулалтад хамрагдах.

Хачигтай байж болзошгүй арьс шир, ноос ноолуурыг гэр орондоо байрлуулах, хадгалахаас аль болох татгалзах, хүүхдээс хол байлгах. Малчид малаа хачиггүйжүүлэх арга хэмжээ авч, малаа эрүүлжүүлэхийг зөвлөж байна.  


Монгол Улсад 2005 оноос хойш гурван төрлийн хачигт халдвар болох хачигт энцефалит, боррелиоз, риккетсиоз зэрэг халдварыг албан ёсоор оношлон бүртгэж эхэлсэн байдаг. Хачгаар дамжих халдвар нь хачгийн идэвхтэй үетэй давхцаж буюу 4-10 дугаар сард идэвхэждэг. Хачигт энцефалит өвчин вирусээр үүсгэгддэг. Эмнэл зүйн хувьд өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, бөөлжих, үе мөч, ууц нуруугаар шархирч өвдөх, унах татах, саажих зэрэг шинж тэмдгээр илэрдэг.


Манай орны найман аймгийн 17 суманд хачигт энцефалитийн байгалийн голомт тэмдэглэгдсэн байдаг. Харин хачигт боррелиоз өвчин нь нянгаар, иксодын төрлийн хачгаар дамждаг. Төв мэдрэл, зүрх судасны тогтолцоо, арьс салст, үе мөчний эмгэгээр илэрдэг байгалийн голомтот халдварт өвчин юм. Толгой өвдөх, халуурах, бие сулрах, булчин үе мөч өвдөх, бие дээр цагирган тууралт гарах зэрэг шинж илэрдэг. Хачигт риккетсиоз өвчин нь риккетсигээр үүсгэгддэг. Халуурах, толгой хүчтэй өвдөх, тууралт, тунгалгийн булчирхайн үрэвсэл, хачигт хазуулсан газарт үрэвсэх зэрэг шинж илэрдэг. Хачигт риккетсиоз өвчин 12 аймгийн 53 сум, нийслэлийн таван дүүрэгт байгалийн голомт тэмдэглэгдсэн байна. Эдгээрээс хачигт энцефалит нь хүндрэл, үлдэц ихтэй өвчин юм.

Холбоотой мэдээ