Ашиглалтын хугацаа дууссан мянга орчим цахилгаан шат байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-04-05 11:37:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод нийт 8600 гаруй цахилгаан шат байгаагаас нийтийн орон сууцны зориулалттай нь 5360 байна.

Үүнээс 139 нь ашиглалтын шаардлага хангахгүй, 800 гаруй нь ашиглалтын хугацаа дууссан эрсдэлтэй гэсэн дүгнэлтийг мэргэжлийн байгууллага гаргажээ. Нийслэлд өргөх байгууламжийн тусгай зөвшөөрөл бүхий 180 гаруй байгууллага байдаг ч 40-50 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байна.


Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Зарим цахилгаан шатны эзэмшигч, ашиглагч байгууллага нь тодорхойгүй, засвар, техник үйлчилгээг хариуцдаг тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагатай гэрээ хийгээгүй, мэргэжлийн ажилчин байхгүйгээс аюулгүй зорчих байдал алдагдсан тухай гомдол тасардаггүй. Тиймд НЗДТГ, УБЗАА-наас 1000 орчим цахилгаан шатыг шинэчлэхээр олон улсын байгууллагатай хэлэлцээр хийж байгаа” гэв.


УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Балдандорж “Улаанбаатар хотын нэгдсэн удирдлагын системийн хөгжүүлэлтийн хүрээнд энэ онд цахилгаан шатны, СӨХ, конторын гээд 10 орчим дэд систем нэвтрүүлнэ. Үүний дагуу ашиглалтад байгаа цахилгаан шатуудыг QR системээр бүртгэнэ. Ингэснээр иргэд тухайн QR кодоор нэвтрэн, ашиглах гэж буй цахилгаан шатны талаар мөн СӨХ, конторынхоо мэдээллийг авах боломжтой” хэмээлээ. 


"Улаанбаатар лифт" ОНӨТҮГ-ын хувьд 160 гаруй цахилгаан шат хариуцдаг бөгөөд эдгээрийн 20-30 хувийнх нь ашиглалтын хугацаа дуусжээ. Цахилгаан шат 20-25 жилийн эдэлгээтэй байдаг бол ашиглалтын шаардлага хангахгүй болсон 139 лифтний 90 хувийг 30-аас дээш жил ашиглаад байгааг УБЗАА-наас зохион байгуулсан “Өргөх байгууламжийн чанар, аюулгүй байдал, стандарт" зөвлөгөөний үеэр мэдээллээ. Зөвлөгөөнд БХБЯ, ХНХЯ, УБЗАА, Стандарт, хэмжил зүйн газар, Хотын стандарт, хяналтын газар, өргөх байгууламжийн тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага, ашиглагч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцон өргөх байгууламжийн талаар хэрэгжүүлж буй бодлого, хяналтын тогтолцоо, хөдөлмөрийн аюулгүй байдал, стандарт, осол аваараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлжээ. 

Холбоотой мэдээ