Аялал жуулчлалын улирал эхлэхэд маршрутын дагууд боловсон "ОО"-той болсон байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-03-31 12:55:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аялал жуулчлалын гол чиглэлийн автозам дагуу 200-250 км тутамд 39 байршилд нийтийн ариун цэврийн байгууламж бүхий үйлчилгээний цогцолбор байгуулна.


“Хувийн хэвшлийнхэнтэй хамтран, манай орны аяллын гол зам дагуу байрлах нүхэн жорлонг буулгаснаар аялал жуулчлалын оргил үе эхлэхэд стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болсон байна” гэдгийг БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Т.Мөнх-Од “Жорлон” хэлэлцүүлгийн үеэр онцлов.


БОАЖЯ-наас нүхэн жорлон /ОО/ буулгах албан даалгавар хүргэсний дагуу гуравдугаар сарын 28-ны байдлаар 21 аймагт стандартын бус 909 жорлонг буулгасан бол удахгүй 982-ыг буулгах аж. Түүнчлэн, технологийн шийдэл бүхий бага оврын цэвэрлэх байгууламжтай болох, 14 мянган нүхэн жорлонг эко болгохыг зорьж байна. 2018-2022 онд айл өрхийн 9000 нүхэн жорлонг эко жорлогоор сольжээ. Судалгаагаар, 10 өрх тутмын 8 нь жорлонгоо эрүүл ахуйн шаардлага хангаагүйг хүлээн зөвшөөрч, солих сонирхолтой, 7 нь гэрэлгүй, үнэр, ялаа ихтэй, 6 нь муу усны нүхтэйгээ хамт байдаг гэж хариулжээ. Гэр хорооллын айлын нүхэн жорлон гэрээсээ 10 м, хажуу айлаасаа 12 м зайд, гол нуур, худгаас 200-250 метр зайд байх ёстой.


Улсын хэмжээнд 893 мянга гаруй ариун цэврийн байгууламж, 266 мянган төвийн шугам бий. Мөн 81 мянга гаруй ил задгай бие засах газар, 520 мянган энгийн нүхэн жорлон, 23 мянга орчим сайжруулсан жорлон байгаа аж. Эдгээр нүхэн жорлонгоос улбаатай хөрс, ундны усны бохирдол иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, гэдэсний халдварт өвчин багасахгүй байгаа. Харин өнгөрсөн онд гэдэсний халдварт өвчин 2 хувиар буурсан нь цар тахлын үеийн дэглэмтэй холбоотойг ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд тэмдэглэж байв.


Нийслэлийн гэр хорооллын 200 мянга гаруй өрхийн нүхэн жорлонгийн ялгадас, угаадас хөрсөнд нэвчсэнээр хөрсний 88 хувь нь нянгийн бохирдолтой болсон мэдээлэл бий. Түүнчлэн, ДЭМБ-ын 2020 оны судалгаагаар нийслэлд цусан суулга халдварт өвчлөл нэмэгдэх хандлагатай, энэ халдварын 9.9 хувь нь өвчтөнөөс, 90.1 хувь нь тодорхойгүй буюу хөрс, ус, орчны бохирдолтой холбоотой гэж үзжээ. Улсын хэмжээнд сумдын ЭМТ-ийн 90 хувь нь нүхэн жорлон ашигладаг, 59 хувь нь бохир усны системд холбогдоогүй, 40 хувь нь зөөврийн ус ашигладаг байна.


Ариун цэврийн байгууламжийг сайжруулахад Төрийн банк болон Хас, Хаан банкаар дамжуулан 2019 оноос иргэдэд 2 хувь, аж ахуйн нэгж, байгууллагад 8 хувийн хүүтэй ногоон зээл олгож байгаа. Энэ тоог нэмэх үүднээс зээлийн нөхцөлийг хөнгөвчилж, удахгүй гэрээгээ шинэчлэн байгуулна. Мөн CU, GS-25 зэрэг хүнсний сүлжээ дэлгүүрүүдийг иргэдэд "ОО"  ашиглах боломжоор хангах албан даалгавар өгсөн. Удахгүй ШТС-уудыг мөн нийтэд нээлттэй үйлчилдэг болгох тухай ярьж байгааг БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны Бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Буяннэмэх хэлж байлаа.


Нийслэлийн ШТС-уудад одоогоор 89 нүхэн жорлон ашиглаж байгааг хувийн хэвшлийн төлөөлөлтэй хамтраад эко болгох шаардлага тавьж байгааг ОББҮХ-ны ажлын албаны дарга Х.Энхбат хэлэлцүүлгийн үеэр дурдаад, “Улаанбаатар хотод хэдэн нүхэн жорлон байгаа талаар өөр өөр тоо байдаг. НЗАА-ны судалгаагаар 133 194, хувийн аж ахуйн нэгжүүдийн мэдээлснээр 244 192, ШУА-ийн Газар зүйн хүрээлэнгээс хийсэн судалгаагаар 144 999 гэдэг. Улаанбаатар хотод өнгөрсөн онд 5 байршилд эко жорлон байгуулсан, энэ онд 10 байршилд хийнэ. Мөн нийтийн тээврийн автобусны буудлыг ариун цэврийн байгууламжтай, дулаахан, хүлээлгийн өрөөтэй болгох шийдэл гаргаад байгаа. НЗАА-тай хамтран, эхний ээлжинд 2-3 буудалд хэрэгжүүлнэ” гэв.


БОАЖЯ, ОББҮХ, ДЭМБ-ын дэмжлэгээр МҮХАҮТ-д зохион байгуулсан чуулганаар гэр хорооллын нүхэн жорлонг цөөлөх, жуулчны баазуудыг стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болгох тухай хэлэлцүүлэг өрнүүлж, шинэлэг шийдэл санал дэвшүүлсэн технологийн үзэсгэлэн дэлгэж, сайн туршлага хуваалцан, оновчтой шийдлийг түгээх, цаашид хэрэгжүүлэх бодлого үйл ажиллагааг тодорхойлохыг зорьж байна. Мөн БОАЖЯ, БХБЯ, ЭМЯ, УСУГ-ын ажлын уялдаа холбоог сайжруулах, эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүнд суурилсан бодлого, үйл ажиллагааг тодорхойлж, байгальд ээлтэй, техник технологийн тэргүүн туршлага солилцож байлаа. 





Холбоотой мэдээ