Баталгаагүй хүнс бараа худалдан авахгүй байхыг анхааруулав

Орон нутагт | Дорноговь
erdenechimeg@montsame.mn
2015-10-05 16:02:27

Дорноговь аймгийн МХГ-аас хэрэглэгчдэд хандаж үйлдвэрлэсэн он, сар, өдөр нь  баталгаагүй, худалдаалахыг хориглосон, хугацаа нь дууссан бараа бүтээгдэхүүнүүдийг худалдан авахгүй байхыг анхааруулав.

Олон улсын стандартаар аливаа барааны хаяг шошго, танилцуулгыг орос, англи хэл дээр бичсэн байх шаардлагтай байдаг бол манайд  худалдаалж байгаа зарим бараа бүтээгдэхүүний нэр, хаяг, шошго алдаатай байдаг аж. Аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Хүний төлөө зөв тус аян”-ы хүрээнд чанарын шаардлага хангаагүй  зарим хүнс болон эмийн бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлсэн юм. Тэрхүү бүтээгдэхүүн дунд хүмүүсийн өргөн хэрэглэдэг  рулет,  мах орлуулагч, эрдэнэшиш, буурцаг,  өнгөт үрэл, сосийск, тахианы мөч, жан цуу, бэлэн хоол, зарим өргөн хэрэглээний  эмүүд орсон байна.

Мөн мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтын явцад шинжилгээгээр нян бактери илэрсэн зөрчил гардаг байна.  Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмүүд, чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг худалдаанаас татаж шаардлагатай арга хэмжээ авч байгаа ч өдөр болгон шалгалт хийх боломжгүй учир хуурамч эмүүд худалдаанаас бүр мөсөн арилахгүй байгаа юм. Аливаа эмийн хаяг шошгыг үйлдвэрлэгч байгууллага тод гаргацтай бичихээс гадна цувралын дугаар, үйлдвэрлэсэн хугацаа, хэрэглэх арга зэрэг нь үнэн зөв байх ёстой атал зарим эмийн хаяг шошгонд эмийн нэр, тун хэмжээ, эмийн найрлага дутуу бичигдсэн байдаг аж. Харин  шаардлага хангахгүй эмүүд Дорноговь аймгийн эм хангамжийн байгууллагуудаас илрээгүй зөвхөн  ард иргэдийн гар дээрээс олдсон эмүүдийг сэрэмжлүүлэг болгон тавьсан байна. Аймгийн МХГ-ын эм био бэлдмэлийн улсын байцаагч Б.Отгонтуяа “Улсын бүртгэлд бүртгэсэн боловч хуурамчаар  үйлдвэрлэсэн эмүүд байна. Тээвэрлэлтийн явцад хадгалалтын горим алдагдсанаас тундас үүсч чанарын горим алдагдсан эмүүд  ч байгаа. Иргэд гэртээ эмээ хадгалахдаа маш буруу хадгалдаг.  Жишээ нь парацетомолыг хөргөгчний кармаанд  хийгээд хөлдөөчихдөг. Тэгээд  хүүхэд нь халуурахад хөлдүү чигээр нь хэрэглэгчихдэг. Гэтэл тухайн эм хүний биеийн температуртай адилхан халуун байх ёстой байтал чанарт нь өөрчлөлт  орчихсон байх жишээтэй. Иргэд тусгай шөвшөөрөлтэй, эм хангамжийн байгууллагаас авахаас илүүтэй Эрээний аль нэгэн аптекаас аваад байгаа нь буруу юм. Тиймээс эмийн зохистой хэрэглээг иргэдэд төлөвшүүлэх, сурталчлах талаар тодорхой ажил хийж байна”  гэв.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд