“Эерэг хандлага-Эрүүл нийгэм” үндэсний аян 8 сар үргэлжилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-03-27 17:07:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хороотой хамтран “Эерэг хандлага- Эрүүл нийгэм” үндэсний хэмжээний аяныг зарлах болсон тухайгаа өнөөдөр хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлэв.

Хэвлэлийн бага хуралд УИХ-ын гишүүн, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, БТСУХ-ны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Баттулга, ОБЕГ-ын тамирчин, ОУХМ Б.Хулан, Монголын Спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Б.Цагаанбаатар нар оролцож, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.


Энэхүү аяныг найман сарын хугацаатай явуулах бөгөөд ирэх 4 дүгээр сарын 1-нээс эхэлж 11 дүгээр сарын 30-нд өндөрлөх юм байна. Аяны зорилго нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг салбарын хэмжээнд хэрэгжүүлэх, идэвхтэй амьдралын хэвшил бүхий иргэн, гэр бүлийг дэмжих, биеийн тамир, спортоор хичээллэх ээлтэй орчныг бүрдүүлэх, салбарын төрийн болон ТББ-ын ажилчид, тамирчин, дасгалжуулагч, шүүгчдийн ёс зүй, соёл, харьцаа, хандлагыг дээшлүүлэх, спорт, биеийн тамирын арга хэмжээгээр дамжуулан нийгэмд үзүүлэх эерэг нөлөөллийг нэмэгдүүлэхэд орших юм байна.


Аяны хүрээнд 5 зорилгыг дэвшүүлж байгаа аж. Үүнд:

1.  -Байгууллага хувь хүний соёл, эерэг хандлага, эелдэг харьцааг сайжруулах,

2.  -Байгууллагын болон бэлтгэлийн заал, талбайн цэвэр орчныг бүрдүүлэх,

3.  -Олон нийтэд чиглэсэн нөлөөллийн ажлыг зохион байгуулах,

4. -Салбарын байгууллагууд бүх шатандаа үйл ажиллагаа, арга хэмжээний болон зохион байгуулалтын цагийг нарийн баримтлах зэрэг зорилго дэвшүүлж байна. Мөн спортын салбарт зохион байгуулж буй бүхий л үйл ажиллагаа, арга хэмжээний удирдамжид ”Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан зорилго, зорилтуудыг онцгойлон анхаарч, тусган хэрэгжүүлэхийг зорьж байгаа гэж хэлсэн юм.

Холбоотой мэдээ