Зээлийн өрийн үлдэгдэл 1.3 их наяд төгрөгөөр нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2023-03-27 10:34:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2023 оны 2 дугаар сарын эцэст 22.6 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 140.9 (0.6 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 1.3 (6.3 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ.


Зээлийн өрийн үлдэгдлийн 53.2 хувь нь иргэд, 45.6 хувь нь хувийн байгууллага, 0.6 хувь нь санхүүгийн болон бусад байгууллага, 0.6 хувь нь төрийн байгууллагынх аж.


Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл энэ оны 2 дугаар сарын эцэст 19 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 325.1 (1.7 хувь) тэрбум төгрөгөөр багасаж, өмнөх оны мөн үеийнхээс 910.3 (5 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 84 хувийг эзэлж байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.


Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл дээрх хугацаанд 1.4 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 244.6 (21.5 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 337.3 (32.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ. Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6.1 хувийг эзэлж байгаа юм.


Банкны системийн хэмжээнд чанаргүй зээл өнгөрсөн сарын эцэст 2.2 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 221.5 (10.9 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 89.7 (4.2 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 9.9 хувийг эзэлж байв.


Арилжааны банкууд болон Монголын Ипотекийн корпорацаас иргэдэд олгосон ипотекийн зээлийн өрийн үлдэгдэл энэ оны 1 дүгээр сарын эцэст 6.5 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 17.9 (0.3 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 805.4 (14.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. 

Холбоотой мэдээ